Өршөөлийн тухай хуульд хамрагдсан 1700 гаруй иргэд энэ сарын эхээр суллагдсан. Гэвч манай улсад нэгэнт хэрэг хийгээд ял эдэлсэн хүн ажилд ороход бэрхшээлтэй байдаг. Жишээлбэл нэг албан байгууллагад очиход урьд өмнө нь ял, шийтгэл эдэлж байгаагүй гэсэн бичиг авчир гэж шаарддаг. Энэ нь эргээд тэднийг ажил амьдралаа засч залруулах боломжийг хааж, дахин гэмт хэрэг үйлдэхэд хөтөлдөг гэхэд хилсдэхгүй.
Дээрх 1700 иргэний 900 нь хотод, үлдсэн нь өөрсдийн харьяа орон нутаг руугаа буцсан. Тэднийг нийгэмшүүлэх шаардлагатай учир харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн хяналтанд сургалтад хамруулж байгаа гэнэ. Энэ талаар Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн биржийн захирал Б.Бэлгүтэйгээс тодрууллаа.
\”Суллагдсан иргэдээс яг ажиллах сонирхолтойг нь бид ялган авч байгаа. Өмнө нь юу хийдэг байсан зэргийг судалж үзээд ихэнхийг нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд нарийн мэргэжлээр сургана. Тэд ямар ч ажил хийж болно. Гэхдээ ихэвчлэн биеийн хүчний ажил давамгайлж байна. Нийгэм тэднийг сөрөг талаас нь харж байгаа нь том бэрхшээл болоод байна. Уг нь ажлын байр хангалттай байгаа. Гэвч суллагдсан иргэдийг авч ажиллуулах сонирхолгүй байна. Тиймээс эдгээр иргэдийг гурван сарын хугацаанд дадлагажуулан ажиллуулаач гэсэн хүсэлтийг ажил олгогчдод тавьж байгаа.
Одоогийн байдлаар яг ажилд орсон хүн хараахан байхгүй байна. Суллагдсан иргэдийн маш бага хувь нь буюу таван хувь нь л ажиллах сонирхолтойгоо илэрхийлж бидэнд хандаад байна” гэсэн юм.
Хэдийгээр тэд өнгөрсөн жилүүдийг өргөст торны цаана өнгөрүүлсэн ч тэдэнд давуу тал их бий. Хүмүүжиж байх хугацаандаа тэд гутал засвар, сийлбэрчин, барилгачин зэрэг мэргэжлийг эзэмшсэнээс гадна цаг сайн барьдаг, удирдах, удирдуулах, хүний үг сайн сонсдог гээд давуу чанарууд олонтой. Гол нь нийгмээс буюу иргэдийн зүгээс хардах, гадуурхах зэрэг хаалт тавьж байгаа нь хүндрэлтэй байгааг албаныхан хэлж байна.