Эмч нар онцын шаардлагагүй үед өвчтөний хүсэл, сонирхолд автан антибиотик бичиж өгөх нь түгээмэл байгаа тухай зарим судлаач ярьдаг. Тухайлбал ханиад, вирусын гаралтай, амьсгалын дээд замын үрэвсэлт өвчний үед антибиотик хэрэглэх нь өвчин үүсгэгч нянгийн тэсвэртэй чанарыг улам ихэсгэдэг байна.
Ялангуяа дунд чихний үрэвслийн үед котримексазол хэрэглэх нь пневмококкийн тэсвэртэй чанарыг ихэсгэдэг. Мөн левомицин нь цус төлжилтөд муугаар нөлөөлж ашигтай эд, эсийг үхүүлдэг учир зөвхөн гэдэсний халдварт хижиг өвчний үед хэрэглэх ёстой.
Антибиотик эмийг зөвхөн жороор олгож хэвшсэнээр эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, антибиотик эмийн гаж нөлөө хүндрэл, нянгийн тэсвэржилтээс сэргийлэх нөхцөл гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын \”Зөвлөгөө, мэдээллийн төв” зөвлөж байна.
Антибиотик эмийн эмчилгээний бусад төрлийн эмчилгээнээс ялгагдах онцлог нь эмчлүүлэгч, эмийн бэлдмэл гэсэн үндсэн ойлголтоос гадна халдварт өвчний шинж байдал гэсэн ойлголтыг нэмж авч үздэг. Үүнтэй уялдан антибиотик эмчилгээнд \”эмчлүүлэгч”, \”антибиотик эм”,\”эмгэг төрүүлэгч бичил биет”, \”хэвийн бичил орчин” /микрофлор/ гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн хоорондын уялдаа, харилцан үйлчлэлийг нарийн тооцож антибиотик эмийг сонгох шаардлагатай юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр бактерийн эсрэг эмний 50-иас илүү хувь нь зохисгүй хэрэглээнд тооцогдож байна.