Ирвэс хамгаалагч агсан Т.Лхагвасүмбэрэлийн үхлийн шалтгааныг тодорхой болгохыг Олон Улсын байгаль хамгаалах нийгэмлэг манай улсын эрх баригчдаас хүслээ. Байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл энэ сарын эхээр Хөвсгөл нуурын эрэгт амиа алдсан байдалтай олдсон юм. Түүний үхлийг Цагдаагийн байгууллага гадны нөлөөгүй гэсэн анхан шатны дүгнэлт гаргаад байгаад ар гэрийнхэн нь болон олон нийт нэлээд эгдүүцэж хүлээж авсан.
Т.Лхагвасүмбэрэл агсан ердөө 27 насандаа өөд болсон нь байгаль хамгаалагчид тэр дундаа цасны ирвэсийг хамгаалан, судалдаг мэргэжил нэгтнүүдэд нь том цохилт болсон юм. Т.Лхагвасүмбэрэл амьд ахуйдаа Говь-Алтайн салбар нуруудын нэг Тосон Бумбын нуруунд ашигт малтмалын хайгуулын өрөм тавиулахгүй хэмээн тэмцдэг байсан ба үүнээс шалтгаалж үл таних хүмүүсээс удаа дараа амь насанд нь заналхийлж, дөрвөн ч удаа халдлагад өртсөн тухай түүний аав хэвлэлд ярьсан байдаг.
Тэгвэл Олон улсын байгаль хамгаалагчдын нийгэмлийн 29 судлаач, ажилтнууд манай улсын эрх баригчдад гарын үсэг бүхий захидал илгээж, талийгчийн үхлийн шалтгааныг үнэн мөнөөр нь тодорхойлж цаашид Т.Лхагвасүмбэрэл агсны үйл хэргийг залгуулахыг хүссэн байна. Уг захидалд гарын үсэг зурсан профессор, эрдэмтдийн дунд Невада, Пенсильвани, Нью Мехико, Рютгерсийн их сургууль, Дрекселийн нэрэмжит шинжлэх ухаан байгалийн академи, Баруун Виржиниа, Уэйн Стэйтийн Коллеж зэрэг нэр хүндтэй их сургууль, байгаль судлалын академийн ажилтан алба хаагчид гарын үсгээ зурсан байна.
Талийгч зөвхөн нутаг орондоо олонд танигдаад зогсохгүй олон улсын байгаль хамгаалагчид, ирвэс хамгаалах академийн нэр хүндтэй гишүүдээс ихээхэн дэмжлэг, урам зориг авч ажилладаг байв. Түүнийг гэрчлэх нэгэн явдал бол Т.Лхагвасүмбэрэл агсан өнгөрсөн нэгдүгээр сард Англи улсад байгаль хамгааллын чиглэлээр суралцаад ирсэн байдаг.
Талийгчийн хайрлаж хамгаалж байсан Өмнөговь аймгийн нутаг дахь Тосон Бумбын нуруунд ховордож, улаан номонд орсон ирвэсийн тоо толгой ердөө 22 ширхэг үлдсэн учраас тэрээр уул уурхайн компаниудаас энэхүү амьтны хойшдын ирээдүйг аварч хамгаалахаар цогтой тэмцдэг байсан гэж түүний ойр дотныхон харамсан ярьсан билээ.