Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол дэлхийн бөмбөрцгийг \”хүлэмж\” мэт бүрхэж үүнээс үүдсэн цаг уурын дулаарал олон улс орны байгаль экологи, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Гэтэл үүнийг Хятадын зарим судлаач арай өөр өнцгөөс тайлбарлажээ.
Тухайлбал \”Дэлхийн дулаарал Зүүн Азийн салхи борооны бүсийг хойд зүгт шилжүүлснээр Хятадын умард нутагт хур бороо нэмэгдэж, өнгөрсөн зууны 70-аад оноос хойш гандаж, хуурайшсан газар нутгийн сэргээнэ\” гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ тухай Америкийн \”Үндэсний Шинжлэх Ухааны Академийн эрдэм шинжилгээний сонин\”-д нийтэлсэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж, байгаль, цаг уурт дэлхийн дулаарал хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа хийхэд шинжлэх ухааны үндэс, баримт болно гэж үзсэн байна.
Цаг уурын дулаарал дэлхийн нийт улс орны дөрөвний гурвын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн судалгааны шинэ үр дүнг \”Nature\” сэтгүүлд нийтэлжээ. Энэ зууны төгсгөлд нүүрсхүчлийн давхар исэл, бохирдол, дулаарал нэмэгдсээр байвал дэлхийн дундаж орлого 23 хувиар буурна гэсэн тооцоо гаргаад байна. Гэхдээ дэлхийн дулаарал ОХУ, Монгол, Канад зэрэг улсад эдийн засгийн үр ашигтай, АНУ, БНХАУ-ын эдийн засагт бага зэрэг сөрөг нөлөөтэй, харин Африк, Ази, Өмнөд Америк, Ойрхи Дорнодын улс орнуудын эдийн засагт маш муугаар нөлөөлнө гэжээ.
Товчоор хэлэхэд дэлхийн дулаарал сэрүүн бүсийн хуурай уур амьсгалтай бүс нутгуудад эдийн засгийн үр ашигтай байдал бий болгож, дулаан уур амьсгалтай орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэсэн үг юм. Маршалл Бюрк тэргүүтэй Стэнфордын их сургуулийн эрдэмтэд сүүлийн 50 жилд 160 гаруй орны эдийн засгийг нэг бүрчлэн судалсны үндсэн дээр энэхүү дүгнэлтэд хүрчээ.
До.Болдхуяг