Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын хэмжээнд долоон цахим хуудсан дахь зэрлэг амьтны эд эрхтэн, бүтээгдэхүүний хууль бус худалдаалах мэдээлэлд судалгаа хийжээ. Судалгаагаар саарал чононы эд эрхтэн, үнэгний арьс, алтайн хойлог, тас болон уран шувууны үүр, өд, мах, хулан адууны уушги, зүүн гарын гоёо зэрэг амьтан, ургамлуудтай холбоотой зарууд түгээмэл байжээ.
“Оюу Толгой” ХХК-ийн Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд хийж буй өмнөд говийн бүс нутагт ховор амьтан, ургамлыг хулгайгаар агнах болон түүнтэй тэмцэх “Хулгайн антай тэмцэх” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд 2014 оноос эхлэн ажиллаж байгаа ажиллаж байгаа Даланзадгад хотод хулгайн антай тэмцэх хамтарсан баг зэрлэг амьтны эд эрхтэн, бүтээгдэхүүний хууль бус худалдаанд тандалт судалгааг ийн хийж олон нийтэд зарлалаа.
Дээрхээс гадна амьтдын эд эрхтэн, бүтээгдэхүүнийг өөр аймгуудаас худалдахаар авчирдаг байна. Тухайлбал баавгайн савар, монгол тарваганы сүүл, тос, яс, шагай зэргийг худалдаалж байгаа мэдээлэл байгаа аж. Дотоодын худалдаанд өртөж байгаа эдгээр амьтан, ургамлуудыг хэрэглээгээр нь авч үзвэл уламжлалт эмчилгээ, сүсэг бишрэлийн зориулалтаар хөлдөөсөн, хатаасан, нойтон хэлбэрээр худалдах, худалдан авах, бараа бүтээгдэхүүнээр солилцох зэрэг нь иргэдийн дунд түгээмэл байгаа юм.
Тиймээс тус төслийн багаас иргэдэд хандан, цахим хуудсууд дахь зэрлэг амьтдын эд эрхтэн, бүтээгдэхүүнүүдийг цуглуулах, худалдахаар завдаж байгаа нь хууль бус юм. Амьтны тухай хуулийн 37.3 –д зааснаар тухайн амьтныг агнасантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулах заалт бий. Иймд иргэд энэ төрлийн гэмт хэргийн сүлжээнд оролцохгүй байна уу хэмээн анхаарууллаа. Мөн зэрлэг амьтдын хулгайн ан, тэдгээрийн гаралтай эд эрхтэний хууль бус худалдааны талаар үнэн бодит, шуурхай мэдээллийг 98900016 утсанд хүлээн авна гэж мэдэгдлээ.