Ам.долларын ханш 2000 давчихлаа. Жилийн
өмнө ханш энэ хэмжээнд хүрнэ гээд хэлж байсан хүнийг \”муу ёрлосон”, \”улс төржиж
байна” гэгчлэнгээр харааж байсан бол өнөөдөр Монголчууд өмнөх шигээ л
амьдарсаар, ханшийн хэлбэлзэлтэй дасан зохицоор л явна. Өөрөөр хэлбэл 2000
давсан ам.долларын ханш бидний амьдралд нэг их айхтар нөлөө үзүүлсэнгүй. Эсвэл
үзүүлэх цаг болоогүй ч байж мэдэх юм. Ямартай ч өмнө нь бүтэн гурван жил
хямралтай тулалдчихсан болохоор ам.долларын ханш огцом өсөхөд нэг их хүндээр
хүлээж авсангүй л гэж хэлэх гээд байгаа юм.
Гэхдээ долларын ханш өсөхөөр бүх л юмны үнэ
өсдөг болохоор шүд зуугаад, муу үгээ хэлээд л өнгөрөх байх даа.
Ам.долларын ханш өсөхөд бидний уламжлал
болгон тэмдэглэдэг \”сар шинийн баяр” нөлөөлсөн гэж Эдийн засагчид тайлбарлаж
байна. Гэтэл угтаа бол сар шинийн баяраас илүүтэйгээр төв банкны Ерөнхийлөгч
Н.Золжаргалын \”Инфляц буурсан тул ипотекийн зээлийн хүүг тав болгон бууруулах
боломжтой” гэсэн мэдэгдэл л ноён долларыг өсгөж орхисон гэж тайлбарлах хүмүүс
байна. Нэг хүн тайлбар хийхээр л ханш өснө гэж юу байхав гэж бухимдаж магадгүй.
Тэгвэл \”байз, байз тайвшир” одоо тайлбарлах гээд байна.
Ер нь төв банкны Ерөнхийлөгч мэдэгдэл
хийснээс хойш ам.доллар долоо хоногт, долоон төгрөгөөр өсчихөөд байгаа юм. Өмнө
нь ипотекийн зээл олгохын тулд \”мөнгө хэвлэсэн” гэж ярих хүмүүс бий. Тэгвэл
ипотекийн зээлийг үргэлжлүүлж, бүр таван хувийн хүүтэй болгохын тулд дахин \”мөнгө
хэвлэх нь тодорхой боллоо” гэж эдийн засагчид, бичиж байна.
Мөнгө хэвлэхээр төгрөгийн ханш унадаг. Энэ
л зарчмаар төгрөгийн ханш унаж, ам.доллар 2006.79 төгрөг /нэгдүгээр сарын
19-ний өдрийн Монголбанкны зарласан ханш/ болж өсөөд байгаа юм.
Хэрвээ ямар нэг арга хэмжээ авахгүй бол
ядаж л \”төв банкны тухай хууль”-д зааснаар Монголбанкны үндсэн зорилт нь
үндэсний мөнгөн тэмдэгт – төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино гэсэн
үндсэн зорилтоо биелүүлэхгүй бол төлөөс нь ард иргэд, бизнес эрхлэгчдийн нуруун
дээр буух нь байна шүү.
Амар