Эрт цагт аварга могой газраас цухуйн хамаг амьтныг залгин гамшиг тарьж байх үед Бөхбилэгт гэх хүчтэн Булган уулнаас Тайхар чулуу аван үүрч цагаан даваагаар давж нэг уулын оройгоос могойн толгой руу шидэн түүнийг даржээ.
Эхлээд Тархи чулуу хэмээн нэртэй байсан нь хожим хувирч Тайхар чулуу гэх болжээ. Бөхбилэгт тэр чулууг үүрч явахдаа Шивэрт хэмээх аманд түр амарсан гэнэ. Тэгээд чулуугаа үүрч босохдоо шүү-шаа гэж дуу алдан боссон чир уг газрыг Шүү-шаа Шивэрт гэж нэрлэжээ.
Аварга могой дээрээсээ дарсан чулуун дороос хөндлөн гарах гэтэл Бөхбилэгт нум сумаа аван чулуун дээр тавьхад хөдлөхөө больжээ. Одоо өндөр уулын орой дээрээс зун цагт Тайхар чулууг харахад дээр нь нум сумны хэлбэрт дүрс тодрон харагддаг гэнэ. Мөн могойн сүүл цухуйсан газрыг хэсэг чулуугаар дарсныг Сүүл толгой гэж нэрлэжээ. Хожим нь тэр аварга могойн зоо нуруун дээр нь Сайд вангийн хүрээг байгуулсан гэдэг. Хойд тамирын хөвөөнд урд тал нь эгцхэн, дээрээ ширээ шиг тэгшхэн хадан чулуу бий бөгөөд Таван тээг гэж нэрлэжээ.
Бөхбилэгт аварга могойг дарсныхаа түүн дээр сууж тамир голын усаар гараа угааж ариутгасан гэдэг. Түүнээс хойш тэр газрыг Бөхбилэгтийн Тавантээг буюу суудал гэж нэрийджээ. Эдгээр газар Архангай аймгийн Ихтамир сумын нутагт бий. Бөхбилэгт гэгчид зориулсан хөшөөг Цэцэрлэг хотын цэцэрлэгт хүрээлэнд байгуулжээ.