Дэлхийд зөвхөн Монголд байдаг монгол бөхөн өнгөрсөн өвөл идэш тэжээлийн хомсдол, их хүйтрэл зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас олноороо хорогдоод байгаа юм. Тиймээс монгол бөхөнгийн нийт тоо толгойг тогтоох, үр дүнг өмнөх судалгааны дүнтэй харьцуулж хорогдлын түвшинг тогтоох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар 2018 оны 4 дүгээр сард тооллого хийлээ. Судалгааг Монгол бөхөнгийн судалгаа, шинжилгээ, хамгааллын чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачдаар ахлуулан тус байгууллагын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч гүйцэтгэв.
Судалгааг трансектийн аргаар бөхөнгийн тархац нутгийн хүрээнд хийсэн бөгөөд 3000 орчим толгой бөхөн нутагшиж байгаа нь тодорхой болжээ. Энэ үр дүнг 2017 оны гуравдугаар сард хийсэн судалгаатай харьцуулбал тоо, нөөцийн хэмжээ 40 хувиар буурсан байна. Судлаачдын ярьснаар бөхөнгийн тархац нутгаар одоо ч өвс багатай байгаа учир бөхөн идэш тэжээл хайж уудам орон зайд шилжин байршиж байгаа ажээ. Нөхцөл байдал ийм байгаа учир бөхөнгийн үржил, төллөлт явагддаг бүс нутгийг тусгай хамгаалалтад авах, бөхөнгийн генийн чадамжийн судалгааг нарийвчлан хийх замаар бөхөнгийн сүргийг хадгалан үлдэх стратеги боловсруулах зайлшгүй шаардлагатай байгааг судлаачид онцлон ярьж байна.
Дашрамд сонирхуулахад, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд дэлхийд нэн ховор монгол бөхөнг аврахаар өнгөрсөн өвөл төлөвлөгөөт олон ажил хийсний нэг нь биотехникийн арга хэмжээ байв. Энэ ажлын хүрээнд бөхөнгийн байршдаг тодорхой газруудад өвс тавьсан нь үр дүнд хүрсэн. Өмнө нь бөхөн зориудаар тавьсан өвсийг иддэггүй байсан бол энэ өвөл тавьсан өвсийг идэж байгаа нь автомат камерын бичлэгээс тодорхой харагдсан юм.