Зун болж ясли, цэцэрлэг, сургууль тараад хүүхдийн хувьд амралт, чөлөөт цаг гарч баярлаж хөөрдөг. Гэвч энэ чөлөөтэй үеэр хүүхэд гэмтэл осолд илүү өртдөг байна. Гүйж, харайж яваад унаж бэртэхэд ихэвчлэн хүүхдийн тархи доргих нь бий. Хүүхэд үлбэгэр, хэт тайван, нойрмог болох шинж мэдэгдэнэ. Сэрээхэд төдөлгүй унтах жишээтэй. Тархины хүнд гэмтэл авсан байж. болзошгүй тул яаралтай эмнэлэгт үзүүлээрэй. Мөн дотор муухай оргих, бөөлжих, хэл яриа орооцолдох нь тархи хөдөлсний шинж байх магадлалтай.
Тархины гэмтэлд үзүүлэх анхны тусламж:
-Хүүхдийг тайван байлгаж хөндлөн хэвтүүлэн толгойг нь ялимгүй өргөн духан дээр нь чийгтэй алчуур тавь
-Толгой дээр нь шарх бий болсон бол ариутгасан тууз, бинт тавиад эмнэлэгт үзүүл
-Хэрэв хүүхэд ухаангүй байвал судсыг нь шалгаж үзээд хажуу тийш нь харуулж хэвтүүл.
Хориглох зүйлс:
-Өчүүхэн төдий гэмтэл байсан ч хайхралгүй өнгөрч болохгүй
-Шарханд орсон биетийг өөрсдөө гаргах гэж бүү оролд
-Тархи хөдөлсөн нөхцөлд хүүхдэд уух, идэх зүйл өгч болохгүй
-Онцын шаардлагагүй бол хүүхдийг өөр ор, өрөө рүү шилжүүлэх, хөдөлгөх хэрэггүй
-Тархины гэмтлийн хор уршиг олон жилийн дараа ч гарч болох тул өчүүхэн гэмтэл ч бай хүүхдийг бүрэн төгс эмчлүүлж байхыг зөвлөе.