Сүү бол хамгийн чухал, ашигтай бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүн нь хүний биед шаардлагатай бүхий л тэжээллэг бодис, витаминыг өгч, дархлааг сайжруулдаг. Сүүг ханиад хүрэх үед эм болгон хэрэглэж болно. Түүнээс гадна түүхэнд мөнхөрсөн хамгийн сайхан бүсгүйчүүд гоо сайхандаа анхаарч, сүүнд ордог байжээ. Гэвч сүү болгон харилцан адилгүй. Үүнийг зайлшгүй мэдэх шаардлагатай.
Үнээний сүү. Үнээний сүү найрлагандаа казеины уураг их хэмжээгээр агуулсан хэрнээ нүүрс ус хэтэрхий бага байдаг. Үүнээс болж үнээний сүүг ходоод гэдэсний зам боловсруулахад илүү хүнд болдог.
Ямааны сүү. Энэ сүүний гайхамшигт чанар бараг домог болон мөнхөрчээ. Эрт дээр үед эмч нар ямааны сүүгээр хумхаа өвчин, бөөр, мэдрэлийн өвчнийг эмчилдэг байсан гэнэ. Харин саяхны судалгаагаар ямааны сүүнд анагаах ухаанд хэрэглэгддэг нойрны эм болох бензодиазепинтэй төстэй бүтэцтэй бодис илэрсэн байна. Тиймээс энэ сүүг биохимийн үүднээс тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг гэж ойлгож болно. Ямааны сүүнд уураг, өөх тос, нүүрс ус тэнцвэртэй байдлаар агуулагддаг. Энэ нь маш түргэн шингэж, арьсны өөхөн давхаргад илүүдэл өөх хуримтлагддаггүй гэсэн үг. Товчоор хэлбэл ямааны сүү таргалуулдаггүй гэнэ. Гэвч гайхамшигт ундаанд ч бас сул тал бий. Нэгдүгээрт, ямааны сүү өвөрмөц үнэр, тааламжгүй амттай. Хоёрдугаарт, ямааны сүүг хөөрүүлж уухгүй бол эрүүл мэндэд маш хортой.
Гүүний саам. Гүүний сүү буюу саам ямааны сүүнээс ч илүү ашигтай. Гүүний саамаар хийсэн айраг нь амттай хэрнээ эрүүл мэндэд тустай. Монголчууд эрт дээр үеэс айрагны эмчилгээний чанарыг мэддэг байсан. Айргаар дээр үед ханиалга, мэдрэлийн гаралтай өвчин гээд бараг бүх төрлийн өвчин эмгэгийг анагаадаг байжээ. Айраг ууснаар хүний нойр хэвийн байдалдаа орж, гэдэсний үйл ажиллагаа, артерын даралт тогтворждог байна.