Монгол Улсыг аялал жуулчлалын төв цэг болгох зорилтынхоо хүрээнд өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Их Британи улсын “what3words” буюу 3 үгт хаягжилтын систем компанийн Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны үр дүнд хотын төв болон хөдөө орон нутагт үйлчилгээ үзүүлж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд энгийн 3 үгт хаягаараа дамжуулан нэмэлт орлого олох боломжтой болох ажээ. Мөн Монгол Улсын аялал жуулчлалыг дэлхийд сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс шат дараалсан арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөжээ. Гадаадын болон дотоодын жуулчдад тулгардаг хүндрэлтэй асуудлын нэг болох хаягжилтын асуудлыг “what3words” буюу 3 үгт хаягжилтын системийг ашиглан шийдвэрлэх болж байгаа нь энэ аж. “what3word” компанийн 3 үгт хаягжилтын систем нь дэлхийн гадаргууг 3м х 3м квадратуудад хувааж тус бүрт нь гурван үг оноож өгсөн бөгөөд дэлхий нийт тэр чигээрээ энэхүү аппликейшнд бүртгэгдээд байгаа юм байна.
Их Британи улсын “what3words” буюу 3 үгт хаягжилтын систем компанийн Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга “Манай компанийн зүгээс Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг олон улсад сурталчлан таниулах зорилгоор “Lonely Planet Mongolia” аялалын хөтөч номыг худалдаанд гаргаад байна. “Lonely Planet” бол дөч гаруй жилийн хугацаанд нийт 145 сая аяллын хөтөч номыг дэлхийн зах зээлд гаргасан алдартай ном бөгөөд “Lonely Planet Mongolia” номонд 900 гаруй аялал жуулчлалын байгууллага, үзвэр, үйлчилгээний газар 3 үгт хаягтайгаа багтсан юм. Монгол улсын хувьд аялал жуулчлалын салбарт тулгарч буй хаягжилтын асуудлаа сүүлийн үеийн шинэлэг технологи болох 3 үгт хаягжилтын системийг ашиглан шийдвэрлэж буй дэлхийн хамгийн анхны улс болж байгааг мөн энд дуулгахад таатай байна” гэлээ.
БОАЖЯамны зүгээс байгалийн үзэсгэлэнт газар, түүхийн өв соёлын нөөц бүхий газруудын гол чиглэлийг гаргасан байдаг. Эдгээр газрууд нь бүгд “what3word” аппликейшнд гурван үгт хаягаар тэмдэглэгдсэн тул үүнд тулгуурлаад аялагчдад зориулсан лавлагаа мэдээллийн нэгдсэн сан бүхий аппликейшнийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тэгэхээр гадаад болон дотоодын аялагчид энэ аппликейшнээс түүх, соёлын өв, байгалийн өв нь хаанаа байдаг, түүнийг дагаад ямар зочид буудал, жуулчны бааз, ресторан байдаг юм гэдгийг асуудалгүй олж мэдэх боломжтой болох юм байна.