Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 6451 хүн галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлж, галзуугийн эсрэг вакцинд хамрагджээ. Үүний 15-аас бусад буюу 6436 нь нохойд уруулсан байна. Вакцинд хамрагдагсдын 39 хувь нь 0-15 насны хүүхдүүд байна гэдгийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн тохиолдол жилд дунджаар 7000 гаруй бүртгэгдэж, Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч, галзуугийн эсрэг вакцинд хамрагддаг байна.
Иймээс ард иргэд, нохой тэжээж буй хүмүүс эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмж, зөвлөгөөг мөрдөн, өөрийгөө болон бусдыг эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Галзуу өвчин нь вирүсээр үүсгэгддэг бөгөөд өвчний үүсгэгч нь зэрлэг болон тэжээвэр амьтдаас халдварладаг. Уг өвчнөөр бог, бод мал, нохой, муур, гахай зэрэг гэрийн тэжээмэл амьтад, үнэг, чоно, хярс, сарьсан багваахай, сармагчин зэрэг зэрлэг, хөхтөн амьтад өвчилдөг. Галзуугаар өвчилсөн нохой, муур, үхэр, хонь, гахай зэрэг мал, амьтдад зан араншин нь өөрчлөгдөх, цочимтгой болох, сониуч, дайрамтгай болох, самардах, хазахыг оролдох, бусад амьтан, хүн рүү дайрах шинж тэмдгүүд илэрдэг.
Халдвар тээгч болон өвчилсөн амьтдад хазуулахад вирүс нь гэмтсэн арьс салстаар дамжин хүний биед нэвтрэн орж, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи нугас, шүлсний булчирхайд хуримтлагдаж, улмаар өвчлөл үүсгэдэг байна. Хүнд тохиолдох галзуу өвчний нууц үеийн хугацаа 12-120 хоног үргэлжилдэг бөгөөд шархны хэмжээ, байрлалаас хамаарч нууц үеийн үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг. Хүнд галзуу өвчний шинж тэмдэг нь гэрэл, ус, дуу, чимээнээс айх, нойргүйдэх, зан авир өөрчлөгдөх, шүлс гоожих зэрэг өвөрмөц шинж тэмдгүүд илэрдэг. Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүн нас барах эрсдэлтэй.
Эх сурвалж www.wikimon.mn