Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгохыг зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, “Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн билээ.
“Гэрэлт гудамж” төсөл хэрэгжиж эхэлсэн цагаасаа л олны шүүмжлэлийг олон хэлбэрээр дагуулж ирсэн. Тэгвэл өнгө төрхөө дахин өөрчилж буй энэ гудамжийг сайжруулж байна гэж албаныхан тайлбарлах боловч мөн чанартаа үргүй зарлага гаргалаа гэх шүүмжлэл хүртэж эхлэв. Товчхондоо, шатрын хөлөг байдлаар загварчилсан шинэ замыг үргүй зардал, мөнгө идэх гэсэн ээлжит арга саам хэмээн дүгнэж байна. Учир нь авто замын хөдөлгөөнийг цэгцлэх олон тулгамдсан асуудлууд бий. Ялангуяа үерийн ус зайлуулах шугам, хэврэгхэн хэдэн замаа засах, сайжруулах гээд олон ажил шил дараалан хүлээж байна. Гэтэл хэдхэн цагийн бороонд “-муу” дүн аваад байгаа энэ төрийн үйл ажиллагаанд эрээн зам л дутав гэнэ. Харин ч авто замын хөдөлгөөнд оролцогчдын нүд чилээх ямар нэгэн сөрөг үр дагавар гарч мэдэх л юм. Ер нь хэн нэгний ашигтай бизнес байв уу гэх хардлага ч бас урган гарч байна.
Энэ гудамж зөвхөн дулааны улиралд буюу энэ жилийн хувьд гэхэд тавдугаар сарын 11-нээс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд долоо хоног бүрийн баасан гарагийн 20:00 цагаас даваа гарагийн 04:00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хааж үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Харин бусад үед нь авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа юм. Ийнхүү эрээлсэн замын ажил дуусч, энэ нь залуус, нийслэлчүүдийн нүдийг хужирлах, сэтгэлийг чилээхийн алин болохыг харах л үлдлээ.