Ус бол чандмань эрдэнэ. Гэвч яагаад
эрдэнэ вэ гээд гөжүүдлэх нэгэн байх биз. Зүгээр ч нэг эрдэнэ гээд хэлчихээгүй.
Хүн хоолгүй гурван сар амьдрах бүрэн боломжтой. Дараа нь хоол тэжээлээ
тохируулаад сэргэж болно. Харин усгүйгээр долоо хоноход дахин сэхэл авах
боломжгүйгээр бие, эд эрхтэн нь устаж эхэлдэг байна. Энэ бол усыг эрдэнэ мэт
дээдлэх энгийн жишээ.
Тэгвэл дэлхий дээр 884 сая хүн ундны
усгүй амьдарч байна. Ангаж, цангахдаа малын өтгөнийг уух, амьтны цусыг сорих
зэргээр аргацааж байгааг нь олон ч эх сурвалжууд мэдээлсээр байна. Тэд угийн
хуурай, чийг багатай оронд амьдардаг. Гэвч байгаль эх тэдний цангааг тайлж,
олон жил гачигдал зовлонгүй амьдарсаар байж. Даанч усны буруу хэрэглээ, хүний
зүй зохисгүй үйлдэл, колон орны бодлого зэргээс хамаарч өнөөдөр олон сая хүн \”ус”-ыг
мөрөөдөж амьдарч байна.
Тэдний хажууд бид маш азтай улс.Газрын гүний цэвэр усаар хоол цайгаа чанахаас гадна автомашинаа угааж, бохироо
зайлж, уул уурхайд тонн тонноор нь цутгаж, шороо угааж, тансаглаж байна. Ер нь
энэ тансаглал маань мөнх юм шиг л аашилж байгаа. Гэвч энэ байдлаар удвал бидний
ирээдүй 884 сая хүнийхтэй адил болох нь. Учир нь бид усны хэрэглээнийхээ 90
гаруй хувийг зөвхөн газрын гүнийн усаар хангадаг. Газрын гүнийн усыг зөвхөн
хүмүүс бид ашигладаггүй, ургамал, мал, амьтан гээд бүгд л ашигладаг. Гэвч гүний
усны нөөц шавхагддаг гэдгийг эрдэмтэд анхааруулсаар байна.
Гантай зун газар хагарч, өвс ногоо
хатдаг шиг саяхан ус урсч байсан газрууд ийм л дүр зурагтай болж мэднэ.
Монголчууд бид цамайн, тансаг байж болохгүй. Учир нь манай улс цэвэр усны
нөөцөөрөө дэлхийн 145 орноос 121-т ордог. Өөрөөр хэлбэл усаар ядуу мөртлөө,
хэзээ ч дуусахгүй мэт тансаглаж буй нь харамсалтай.
Хэрвээ бид яг энэ байдлаараа
тансагласаар байвал зургаахан жилийн дараа Улаанбаатарчууд усны хомсдолд орох
аюул нүүрлэжээ. Бид хар ус харамладаггүй гэдэг. Гэвч яг үнэндээ хар усаа
харамлах цаг болжээ.
Амар