Улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаарх шинэ мэдээ баримтыг судалгааны эргэлтэд оруулах, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийн талаар хойч үеийнхэнд таниулах зорилгоор Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохиож байгуулсан талаар бид мэдээлж байсан. Энэ үеэр Монголын төдийгүй ОХУ, Японы эрдэмтэд хэлмэгдүүлэлтийн түүхэн баримтад тулгуурлан эрдэмтэн судлаачид өөр өөрсдийн илтгэлийг тавьсан бөгөөд урьд өмнө нь төдийлөн ил болж байгаагүй зарим баримтуудыг ч ил болгосон юм. Бид түүхийн үнэнг хүргэх үүднээс энэ удаад Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан илтгэлийг онцлон та бүхэнд хүргэж байна.
МОНГОЛД ГАРСАН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭЛ, ТҮҮНИЙ ХОР УРШИГ
Монголын төрийн тэргүүн Лосолын Лааганы жишээн дээр
Монгол Улсын Төрийн соёрхолт
түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан
Шинжлэх Ухааны Академи, Олон улсын харилцааны хүрээлэн
Удирдлагын академи
ХХ зуунд коммунизмын дэглэмийн дор Монгол оронд гарсан улс төрийн хэлмэгдэл нь Монгол үндэстэний оршихуйн үндсийг тасалж, үндэсний ой санамж, үндэсний уламжлал, соёл, эх бичиг, эх түүх тэргүүтэй үнэт зүйлсээ гээхэд хүргэсэн юм.Үүний хор уршиг одоо хэр арилаагүй байна.Учир нь хэлмэгдэл хэмээх хорт үзэгдэл монгол хүн бүрийг, монгол өрх бүрийг дайрсан гэхэд болно.Гинжин урвал мэт нэгийг нь нөгөөгөөр нь хөнөөлгөсөн эл хэлмэгдэл монгол үндэстэний оршихуйн үндсийг тасалжээ.Ийм байхад энэхүү үндэсний хэмжээнд явагдсан улс төрийн хэлмэгдлийн талаар улс төрийн дүгнэлт гаргахгүйгээр үнэн мөнийг тогтоож чадахгүй юм.Улс төрийн хэлмэгдлийн хамарсан хүрээ, цаг хугацааг аваад үзсэн ч эл асуудлын эрэг шураг төдийг шүүхээр цагаатгаснаас хэтрэхгүй байна.
Орчин үеийн Монголын түүхэнд 1911 оноос 1990 он хүртэлх төpийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, МАХН-ын тэpгүүнээp нийт давхаpдасан тоогооp 33 хүн (наpийн бичгийн даpга наp оpоогүй) ажилласанаас 8 хүнээс бусад нь ямаp нэгэн хэмжээгээp хэлмэгдсэн буюу учиp битүүлэг эсвэл хаpийн оpонд нас баpсан байна. Ийм дүр зургаас үзвэл, эл үед эгэл нэгэн монгол хүний эрх, аюулгүй байдлын тухай асуудал ярих ямар ч утгагүй байсаныг тодорхой харж болно.
Орчин үеийн Монголын төpийн тэpгүүнээр 1911 оноос 1990 он хүpтэл 11 хүн ажиллаж байсанаас хэлмэгдсэн болох нь албан ёсооp тогтоогдсон 5 хүн байна.
1. Пэлжидийн Гэндэн – Зүүнтэн мөн шинэ баруунтан,
2. Ж. Дамдинсүpэн – баруунтан
3. Л.Лааган – зүүнтэн
4. А.Амаp – баруунтан
5. Д.Догсом –
Мөн албан ёсооp цагаатгагдсан байна
Хаpийн оpонд “нас баpсан”
1. Хоpлоогийн Чойбалсан
2. Ю.Цэдэнбал
Учиp битүүлэг буюу гэнэтээp нас баpсан:
1. Наймдугааp Богд Жавзандамба хутагт
________________________________________
Нийт : 8 хүн
Үлдсэн 3 хоpвоогийн жам ёсооp таалал төгссөн:
1. Г.Бумцэнд
2. Ж.Самбуу
3.Ж.Батмөнх
Коммунизмын үеийн түүхэнд баруунтан, зүүнтэн хэмээн хүмүүсийг хооронд нь хуваан анги ялгаварлан авч үзсэн нь бий.Тэгвэл, баруунтан хэмээх нь ЗХУКН-ын чиг шугамыг эсэргүүцэгч, үндэсний үзэл баримтлагчид байсан тул хэлмэгдэлд өртөх магадлал хамгийн өндөр байжээ гэж үзэж болно байх.Харин зүүнтэн нь ЗХУКН-ын чиг шугамыг дагагч буюу зүүний чиг баримтлагч байсан хүмүүс юм, гэтэл тэд ч гэсэн мөн л хэлмэгдсэн байх юм.Энэ удаа БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар 1930-1932 онд ажиллаж байсан Лосолын Лааганы хувь заяаны талаар өгүүлэх юм.
Түлхүүр үгс: Улс төрийн хэлмэгдэл, Японы тагнуул, төрийн тэргүүн, Лосолын Лааган, цагаатгал, Орчин үеийн Монголын түүх, хэлмэгдэгсэд
Амьдралдаа З удаа (1928, 1934, 1937 онуудад) улс төрийн хилс хэргийн золиос болж, шорон гянданаа хоригдаж байгаад амь насаа егүүтгүүлсэн Монгол улсын төрийн тэргүүн асан Лосолын Лааганы эмгэнэлт хувь заяаны талаар энэхүү илтгэлдээ өгүүлнэ.
Амьд явах хугацаа нь цаг, хормоор хэмжигдэж байсан тэр мөчид: “Би өөрийн эх орноосоо урвасан хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож ажилласан удаа огт байхгүй” “Би аль ч эсэргүү хэрэгт ороогүй боловч Дотоод яамны хатуу тулгалт, зодуур, жанчуурт эс тэсвэрлэн худал мэдүүлэг гаргаж байсан” хэмээн Лааган 1940 оны 5 дугаар сард болсон шүүх хурал дээр сүүлчийн үгээ хэлжээ.
Тиймээ “Японы тагнуул”, “Хувьсгалын эсэргүү нууц байгууллагын гишүүн” хэмээх хилс хэргүүдийг бүтэн хоёр жил долоон сар шахам хугацаагаар тулгуулан, өдөр тутам зодуулан жанчуулж, халуун хүйтэн өрөө дамжуулан байцаалгаж байсан хүний амьдралын сүүлчийн үгс энэ. 1940 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Улсын дээд шүүхийн 17 дугаар хурлаас түүнд “буудан алах ял” оноожээ. Ус уух хоногийнх нь хугацаа дуусаж байгааг мэдэрсэн тэрбээр ямарч л байсан “Би эх орноосоо урваж, хувьсгалын эсэргүү болоогүй шүү” гэдгээ хойч үедээ хэлжээ.
Төрийн, тэргүүн байхдаа олон хүний хувь заяаг шийдэхэд оролцож явсны хувьд тэрээр ямарч ялтан амь гуйх эрхтэй байдгийг мэдэх учраас эцсийн горьдлого: “буудан алах ял” аваад Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдэд амь гуйх хүсэлтээ уламжилжээ. Түүний хүсэлтийг Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1940 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаар хурлаар хэлэлцээд “онц хорлол бүхий жигшүүрт гэмт хэргийг өдүүлсэн заналтай дайсан этгээд” хэмээн үзэж “уг тасалсан тогтоолыг хэвээр баталж, түүний амь гуйсаныг шууд хэрэгсэхгүй” болгосноор Лааганы эцсийн горьдлого тасарчээ. Улсын Бага Хурлын тэрхүү шийдвэрийг 1940 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн баримт бичгээр Дотоод явдлын яамнаа мэдэгдсэн нь архивт үлджээ. Бодоход уг шийдвэр тэр өдрөө гүйцэтгэгдээ байх даа… Харин гүйцэтгэсэн тухай ямар нэгэн баримт олж үзсэнгүй.
НАМТРЫН ӨЛГӨЦ
Засагтхан аймгийн Дүүрэгч вангийн хошууны ард Лосолынх амьдралын эрхээр Монголын өрнө хязгаарт (одоогийн Ховд аймгийн Буянт сум) шилжин суурьшиж Цагаан гол хэмээх газар нутаглаж ахуйдаа 1887 онд нэгэн хөвгүүнтэй болсон нь Лааган байлаа.Тэрбээр бага насандаа Наран хутагтын хүрээ хийдэд шавилан сууж байсан ба мал адгуулах, тариа тарих, өртөө улаа нэхэх зэрэг ажил эрхэлж эрийн цээнд хүрсэн байна.Харин Л.Лааган сургуульд суралцаагүй ажээ.
Тэрбээр 1922-1923 оны үеэс Ховд хязгаарын Тариачин хошууны хурлын төлөөлөгчөөр сонгогдсон төдийгүй, улмаар1923 оны 5 дугаар сарын 10-нд тус хошуунд анхны Ардын намын 39 дүгээр үүрийг байгуулахад сайн дураар элсэн орсон анхны гишүүдийн нэг болов.
1925 онд хуралдсан МАХН-ын IV их хуралд Л.Лааган Ховдын хязгаарын Тариачин хошууг төлөөлж оролцсон тэр үеэс нам, төрийн ажилд улам идэвхтэй оролцож эхэлжээ.
Тэрбээр 1925-1928 онд Чандмань уулын аймгийн Намын хянан байцаахын дарга, 1928-1930 онд МАХН-ын Хянан байцаах төв комиссын дарга, 1930-1932 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байв. Лааган МАХН-ын IV-VIII их хуралд төлөөлөгчөөр оролцон, намын IV их хурлаас МАХН-ын Төв Хорооны гишүүн, V, VI их хурлуудаас Намын хянан байцаах төв комиссын гишүүн Намын VIII их хурлаас Намын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн, Улсын VI их хурлаас БНМАУ-ын Бага Хурлын гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байв. Ам бүл тавуул, 2 хүүтэй, 1 охинтой хэмээн анкетад бичигдэн үлджээ.Лааганыг гаднаас нь харахад “хөдөөний өвгөн”, гол төлөв дээл өмсдөг, ЗХУ-д одохдоо ч дээлтэй явдаг байсан гэж өвгөд дурсан ярьж байв.
УЛС ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХ НЬ ТАЛААР
Лааган анх хэрхэн нам, төрийн ажилд гарч ирэв?
Лааган бол хөдөөний ардын дундаас гарсан хүн. Хориод оны эхээр засаг захиргааг шинэчлэн зохион байгуулах ажил ид өрнөж, хөдөө нутагт өөрчлөлт, шинэчлэлийн уур амьсгал оргилж байсан тэр үед Ховдын хязгаарын орон нутгийн захиргааг шинэчлэн байгуулалцсан Засгийн газрын төлөөний түшмэл Догсом, түүний туслах Лувсанцэрэн нар ярихдаа: тэр үед хязгаар нутгаас нам, улсын их хуралд төлөөлөгч сонгохдоо, очоод орон нутгаа төлөөлөөд үг хэлчих чадвартай, үүргэлж сууж байгаад буцаад ирэхээргүй тийм хүнийг олж сонгож явуулах хэрэгтэй болдог байлаа. Тийм учраас Лааган бол хэрэлдвэл ч хэрэлдчихнэ, хэлэлцвэл ч хэлэлцчих хэл амтай хүн гэж үзээд түүнийг сонгож явуулсан юм хэмээн ярьсан гэж Б.Банзрагч гуай 1989 оны Ш сарын 31-нд Нийгмийн ухааны институтээс зохион байгуулсан Л.Лааганы тухай ярилцлага дээр өгүүлсэн юм.
Л.Лааган 1925 онд МАХН-ын IV их хуралд Ховдын хязгаарын Тариачин хошууг төлөөлж оролцож, Ховдын намын хорооны илтгэлийг мөн хорооны төлөөлөгч Пүрэвийн өмнөөс уншсан байна. Намын V их хурал (1926) дээр Жаргалант хязгаарын намын хорооны илтгэл, намын VI их хурал (1927) дээр Чандмань уулын аймгийн намын хорооны илтгэлийг намын VIII их хурал (1930) дээр Намын Хянан байцаах Төв комиссын илтгэлийг тавьжээ.
Л.Лааган намын анхдугаар бага хурал (1930, XII, 26-1931. 1. 13) дээр “Тус улсын орон нутгийн хилийг шинэчлэн тогтоож захиргааг байгуулах явдлын тухай” илтгэл тавьж, 1931 оны хоёрдугаар сард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн V хуралд “Тус улсын орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалтад өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг оруулж хэлэлцүүлэхдээ тухайн үед оршиж байсан орон нутгийн байгуулалтын хил хязгаар, засаг захиргааны нэгжүүд (5 аймаг, 12 хошуу, 525 сум)-ийг өөрчилж, “хөрөнгийн замын гадуур явуулах улсын хөгжилтийн” дагуу эдийн ба газар орны байдал, үйлдвэрлэх чадварын байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр” шинээр 13 аймаг байгуулах саналыг оруулсан байна. Энэхүү санал нь Коминтерноос эхтэй гэдэг бөгөөд харин тэр үеийн манай нам, төрийн удирдлага маань уг саналыг улс орны эдийн засаг, ард түмний аж амьдралын өвөрмөц байдалд тохируулан тус орны нутаг дэвсгэрийг эдийн засгийн талаар ангилж, засаг захиргааны нэгжийг ард түмэнд ойртуулах бодлого хэмээн ойлгож, амьдралд хэрэгжүүлж эхэлсэн нь нүүдлийн өвөрмөц онцлог бүхий монгол орны нөхцөл байдалд тийм ч нийцсэн шийдвэр байгаагүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Л.Лааганы үйл ажиллагаанд бүр 1928 оны үеэс өнгөрсөн нийгмээс уламжлагдан ирсэн бүх зүйлсийг үгүйсгэх “зүүний” үзэл хандлага илэрч байв. Тэр намын VII их хурал дээр хэлсэн үгэндээ: “V их хурал дээр Богдыг залахгүй хэмээн олон төлөөлөгчид гар өргөж, маргааш нь Жадамба Богдыг залуулахаар хэлж тогтоолгосон зүйл буй нь нэгэн зүйлийн сэдэв” хэмээн баруунтны үүсэл тэр үеэс л эхэлсэн мэт тайлбарлахыг оролдож, “эзэрхэг”, “харгис” гэх мэтийн хувьсгалчирхсан үг хэллэгийг ухуулга, сурталчилгаанд хэлэхийг зогсоохоор гаргасан намын шийдвэрийг мөн л барууны нэг “жиг” гэж үзэж байв.
Нам, төрийн удирдлагад гарч ирсэн “зүүнтнүүд”, түүний дотор Л.Лааган Коминтернд гүнзгий итгэж, түүнийг дээдлэн дагаж, заавар шийдвэрийг нь ёсчлон дагахыг мэрийж байсан явдал улс орны хөгжлийн томоохон асуудлуудыг шийдвэрлэх үйл явцад өрөөсгөл, сөрөг нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал 1928 оны 1 сард Коминтерний Дорнот хэлтсээс МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадоржийн нэр дээр ирүүлсэн захидалд: “Холбоот Улс нь өөрийн олон газруудыг хэзээ ямагт үйлдвэрчний чанартай болгохыг оролддогийн нэгэн адил та бүгд болбоос харъяат улсын ба намын олон газруудыг хөдөөгийн чанартай болгох зүг дор хандуулах ажлыг мөн хэзээ ямагт хичээх нь чухал” хэмээн манай орны онцлог нөхцөл байдалд үл нийцсэн хэтэрхий “зүүний” өнгө аястай зорилтыг МАХН-д тулгасан нь шинэ нийгэм байгуулах замд “орсон” ЗСБНХУ, БНМАУ хоёрыг эн зэрэгцүүлэн тавьж нэгнийх нь туршлагыг нөгөөд “механикаар” буулгах гэсэн үл биелэх оролдлого байв.
Ийн атал Коминтернээс ирүүлсэн захидал, зөвлөмж, тогтоол зэргийн агуулга, үзэл санаатай манай улсын нам, эвлэлийн байгууллагууд “ширхэг дараалан танилцаж” түүнийг хэрэг тутамдаа биелүүлэн гүйцэтгэх ёстой “нам ба улс төрийн хийгээд аж ахуйн зэрэг одоо үеийн хамгийн үндсэн чухал зүйлүүдийг тодорхойлон заасан ”мөрийн хөтөлбөр” гэж Л.Лааган бусдын нэгэн адил үзэж байжээ.
МАХН Б.Шмераль тэргүүтэй Коминтерний нөхдийн оролцоо “туслалцаатайгаар” 1928 онд намын VII их хурал дээр “баруунтнууд болон тэдний үзэл бодол нэгтнүүдийг няцааж, намыг “үзэл суртал-зохион байгуулалтын талаар бэхжүүлэх”, түүний удирдан чиглүүлэх ролийг “дээшлүүлэх”, хамтын удирдлагын зарчмыг бататгах, намын сахилга батыг “дээшлүүлэхийн чухлыг” заагаад ард ангийн ядуу ба дунд давхрааны тэргүүний хэсгээр намын эгнээг өргөтгөх, намд хоёр дахь цэвэрлэгээ хийх шийдвэр гаргасан нь Монгол орны нөхцөлд үл нийцсэн шийдвэрүүд байсан бөгөөд хэдхэн жилийн дараа тар нь танигдсаныг эдүгээ түүх гэрчилнэ. Нөгөө талаас Коминтерний зүгээс манай хэрэгт илэрхий оролцож байсан нь ч харагддаг юм.
VII их хурлын шийдвэрийн дагуу 1929 оны З дугаар сарын 19-ний өдөр МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар намын II цэвэрлэгээний заавар боловсруулах комисс байгуулах тухай Л.Лааганы саналыг авч хэлэлцээд Ө.Бадрах, Б.Элдэв-Очир, Д.Лосол, Р.Мэнд, Г.Содном нарын бүрэлдэхүүнтэй комиссыг байгуулав. Уг комисс намын хоёрдугаар цэвэрлэгээг явуулах заавар боловсруулж, Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн Хуралд оруулан хэлэлцүүлсний үндсэн дээр 1929 оны 5 дугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны II бүгд хурлаар батлуулжээ. Түүхэнд намын II шалгалт гэж нэрлэгдсэн энэхүү цэвэрлэгээ нь нам, төрийн удирдлагад гарч ирсэн “зүүнтний”-хний зүгээс “баруунтан” гэгдсэн, тэднийг дэмжигчдийн эсрэг чиглэсэн арга хэмжээ болсон юм.
Уг цэвэрлэгээний үеэр тайж, санваартан лам л бол феодалд тооцогдож, баруунтныхны хань хамсаатан байсан гэсэн нэрийн дор хохь тайж, ядуу лам, хувьсгалын үйл хэргийн төлөө үнэнчээр зүтгэж явсан олон олон ард иргэдийг намаас хөөх буюу намд дахин элсэх эрхийг хасаж байжээ. Тухайн үед намын гишүүн бус байна гэдэг бол төрд алба хаших буюу өөдрөг амьдралд тэмүүлэх үүд хаалга хаалттай гэсэн үг байжээ.
Мөн түүнчлэн намд ядуучуудыг хэт олноор нь компаничлан эслүүлж, данц ганц тооны хойноос хөөцөлдөх явдалч гарч байсныг тэмдэглэх хэрэгтэй.
МАХН “зүүний” талын бодлогод ид автагдаж, нам, төрийн бүхий л үүргийг гардан удирдаж, хэрэгжүүлж байсан тэр үед МАХН-ын VIII их хурал (1930.II.21-IV.3) хуралдаж, улс орны хөгжлийн түвшин, онцлог байдлыг үл харгалзан социализмын зорилтуудыг тунхагласан явдал бол “зүүний” алдаа завхралыг улам лавшруулсан билээ.
Намын VIII их хурал дээр Л.Лааганы тавьсан МАХН-ын Хянан байцаах төв комиссын илтгэлд намын II цэвэрлэгээний явцын тухай дэлгэрэнгүй мэдээлж, ололт дутагдлыг нь тэмдэглэжээ. Уг илтгэлд намын II цэвэрлэгээгээр намаас хөөгдөгсдийн жар шахам хувийг хохь тайж, ядуу лам, доод ангийн болох хүмүүс эзэлж байгааг тэмдэглэж, энэ бол “гол шугамаас хазайсан туйлын их алдагдал болмой” гэжээ.Ийнхүү “алдагдалд учруулсан нь гагцхүү хянан байцаахаас өөрийн удирдлагыг дүүрнээ өгч чадаагүйгээс” болсон хэмээн өөртөө шүүмжлэлтэй ханджээ. Гэвч намын VIII их хурал барууны хэлбэрэлд оролцсон гэсэн нэрийн дор хувьсгалын үйл хэргийн төлөө үнэнчээр зүтгэж явсан олон хүнийг намаас хөөж байсан II цэвэрлэгээний алдаатай ажиллагааг зогсоох талаар зохих дүгнэлт хийж, дорвитой арга хэмжээ авч эс чадав.
Лааган нам, төрийн өндөр алба хашиж байх үедээ удаа дараа Ховд хязгаар, Чандмань уулын аймгаар явж, орон нутгийн ажил байдалтай танилцаж байсны зэрэгцээ Ховд хязгаарын болон бага ястны тухай асуудлаар Улсын Бага Хурал, Намын Төв Хороон дээр тусгайлан илтгэл тавьж байжээ. Тэрээр монгол дахь бага ястны талаар санаа тавьж, ЗСБНХУ-ын Бага Хурлын дарга М.И.Калининд захидал илгээн: олон бага үндэстэн ястны тухай тэднийг улсын дотор хэрхэн авч явуулж байгаа өөрийнхөө туршлагаас бичиж ирүүлнэ үү гэх зэргээр бичиж байсан нь архивт хадгалагджээ.
МАХН “зүүний” талын бодлогод ил автагдаж байсан тэр үед Коминтерн, түүний төлөөлөгчдийн зүгээс Монголын хувьсгал шинэ шатнаа орж байна гэсэн онолын буруу дүгнэлт хийж, Монгол оронд явуулах шинэ шатны зорилтыг тодорхойлсон захидал, зөвлөмж, тогтоол илгээж, бие төлөөлөгчдийг ирүүлж байсан явдал нь намын удирдлагад байсан З.Шижээ, Ө.Бадрах, Л.Лааган нараар дамжуулж “зүүний” алдаа завхралыг улам лавшруулахад хүргэсэн байна.
Л.Лааганыг 1932 оны 6 дугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хороо, Намын хянан байцаах төв комиссын хамтарсан онц III бүгд хурлаас Намын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүнээс гаргаж, улмаар БНМАУ-ын XVII бага хурлаас (1932.VII.2) Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Харин 1932 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн НТХ-ны Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор Бага Хурлын дарга н.Лааганы биеийг докторын актын ёсоор ЗСБНХУ-д удаа хугацаагаар явуулж эмчлүүлэх шийдвэр гаргаж, түүнд замын зардал, хэлмэрч зэргийг өгөх нь зүйтэй гэж тогтсон байдаг.Үүнээс өмнө хоёр ч удаа Лааганы биеийг ЗХУ-д эмчлүүлэх чөлөө олгох тухай Намын Төв Хорооны шийдвэр гарч байжээ. Удалгүй Лааганы биеийг Намын Төв Хорооны дэргэдэх эмнэлгийн комисс, бусад докторуудын хамтаар комисслон үзээд нэн даруй Севастополийн халуун усанд явуулж биеийг сувиллуулваас зохимой гэсэн актыг 1932 оны гуравдугаар сарын 8-нд гаргажээ. Ийнхүү Л.Лааган Зөвлөлтөд яваад ирээгүй байхад нь Намын Төв Хороо, Хянан байцаах төв комиссын хамтарсан Онц III бүгд хурал, Улсын ХVII бага хурал болжээ.
Л.Лааганы Зөвлөлт Холбоот Улсаас ирсэн цаг хугацаа тодорхойгүй байна.Гэвч 1932 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн Ардын Сайд нарын Зөвлөлийн 7 дугаар хурлын тогтоолоор түүнийг монгол банкны орлогч даргаар томилжээ. 1932 оны есдүгээр сарын 20-ны өдрийн “Ардын үндэсний эрх” сонины дугаарт Л.Лааганы бичсэн “Улсын XVII бага хурлаас тогтоосон шинэ эргэлтийг биелүүлэхэд зээллэгний явдал хэрхэн холбогдох вэ?” өгүүлэл хэвлэгдэж байжээ. Дараа нь өөрийн хүсэлтээр хөдөө орон нутаг Ховд аймгийн 10-р ангийн хэлтсийн газар ажилласан байна.
ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН НЬ
Л.Лааган 1928-1940 онд улс төрийн хилс хэрэгт 3 удаа холбогдож байжээ.
НЭГ. “ШАР САНЖИЙН ХЭРЭГ” ГЭГЧИД ХОЛБОГДСОН НЬ:
Дөрвөд аймгийг автономит эрхтэй болгохыг эрмэлзсэн ”Шар Санжийн хэрэг” гэгч 1927 онд илэрч, түүнд холбогдуулан Л.Лааганыг Намын Төв Хороо, Хянан байцаахын зөвшөөрөл “шаардлагаар” Дотоодыг хамгаалах газар (ДХГ) 1928 оны VII сарын орчим Дадан, Хандсүрэн, Янжив нарын хамтаар Ховд хотноо баривчлан Улаанбаатарт авчирч шоронд хорьжээ.
Чухам яагаад Лааганыг хорив?Чандмань уулын (Дөрвөд) аймгийн тусгаар болгох тухай хэрэг гэгч юу байв? Гэх зэрэг асуултуудад хариу өгөх үүднээс эргэцүүлж үзье.
Намын Төв Хорооны III бүгд хурал (1928) дээр Хянан байцаах комиссын нарийн бичгийн дарга Норовсүрэн: Лааганыг барих тухай зөвшөөрөл олгох үед н.Лосол (НХБТК-ын дарга) Дэлгэрсан (Комиссын тэргүүлэгч гишүүн) нар албанаа одож эзгүй байсан ба Норовсүрэн би тус комиссын өдөр тутмын явуулах хэргийн ганцаар оролдож, нөгөөх гишүүн нь Жамсранов, Насанбат нар байсан.
Нэгэн өдөр ДХГ-аас нэгэн цахилгаан утас авчирч үзүүлсэн нь Дөрвөд аймгийг тусгай болгох хэмээсэн шар Санжийн хэрэг илэрч буй эл хэрэгт Лааган, Дадан нар холбогджээ гэсэн үгтэй утсыг нөхөр Жамсрановт үзүүлэхэд түүнээс Лааганыг барих зөвшөөрөл шууд өгвөөс зохимой хэмээсэн тэр тухайд, хамгаалахын нууц хэлтсийн дарга Сэрээтэр бие өвчтэй учир уулзаж чадсангүй нэлээд хоног алгуурласан нь дараагаар мөн Жамсрановаас зөвшөөрөл өгсөнгүй удаашруулав хэмээн зэмлэж, эрх үгүй нэн даруйхнаа Сэрээтэрийн гэрт Цэвэл очиж зөвшөөрөл өгвөөс зохимой гэж шаардмагц мөнхүү Лааганы бие энэ хэрэгт лавтай оролцсон нь үнэн баримттай болохул түүгээр хэргийн ёсоор гүйцэтгэж болох хэмээхийг ДХГ-ын нууц хэлтсийн дарга Сэрээтэрт хэлж явуулсан зүйл бий гэх зэргээр ярьсан байх бөгөөд тэрээр өөрөө ч “Лааганыг баахан мөчид барив уу” хэмээн дотроо эргэлзэж байснаа ч бас дурссан байдаг.
Уг нь шүүх, прокурорын зөвшөөрлөөр хүнийг барьж, цагдан хорьдог байтал Намын Хянан Байцаах Төв Комиссоос зөвшөөрөл өгч Лааган нарыг бариулж байсан нь хууль ёс гээч юм үнэхээр тоглоом болсон байжээ гэдгийг хэлэх нь зүйтэй.
Энэ асуудалтай холбогдуулан Дотоодыг Хамгаалах Газрын дарга Хаянхярваа ирээд: “Миний бие Дөрвөд аймгийг тусгаар болгох тухай сонсч мэдсэн болох ба энэ хэргийг төв газар албан хааж бүхий гишүүн Бадрахаас зааварласан хэрэг” хэмээсэн Лааганы өчигтэй биечлэн танилцаад “Чандмань уулын аймгийг тусгаар улс болгох хэмээн бусдад нууцаар хатган хэлж мэргэлүүлэх зэргээр ард олны сэтгэл санааг үймүүлэн явсан зэрэг хэргийн ялт шар Санжийн энэ хэргийн арга сэдвийг анх тэргүүлж удирдсан чухал холбогдох этгээд болбоос гишүүн Бадрах болох нь хэргийн байдалд зүйл зүйлээр илэрхийлэгдсэн нь хэрхэвч зайлах газаргүй болсон учир түүнийг барьж байцааж болох эсэхийг заана уу” хэмээн 1928 оны есдүгээр сарын 18-ны Намын төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаас зөвшөөрөл авч улмаар Бадрахыг асууж байцааж, хариуд нь Бадрах тас зөрж байтал Шмераль тэргүүтэй Коминтерний комисс ирж, Бадрах, Лааган нарыг суллан тавьсан байна.
Учир битүүлэг ийм нэгэн хэргийн талаар Коминтерний төлөөлөгчдийн тэргүүн Б.Шмераль юу гэж ярьсныг сонирхоцгооё.
Тэрээр: “Лааганыг чингэж бариад байх нь мөн хэмээж чадахгүй нь уг мэдээ хэргийн баримт бүрдсэн эсэх нь тодорхойгүй болохыг би үнэн шударгыг барьж хэлмой” гээд “Бидний комисс Лааганы хэргийн тухай 10 зүйлийн өчиг мэдүүлгийг үзсэн. Үүний дотор Бадрах оролцон буй. Үүний үндэс нь нэгэн Чойжин ламаас шар Санж гэгч хүн аврал гуйж явсны улмаас мэдээлэгдсэн болно. Тэрхүү аврал гуйсны дотор эхнэр авах тухай бас нөгөө чухал нэгэн зүйл нь Дөрвөд аймгийг тусгаар болгох тухай бөгөөд энэ зүйлийг н.Лааган өгүүлсэн бус шар Санж гэгч хүн өгүүлсэн хэрэг болох ба энэ хэрэг болбоос жижиг бөгөөд төдий л чухал бус амой. Уг хэрэг зүйлийг сайтар хянаж мэдэхийг их л оролдсоны дээр шар Санж гэгч хүнийг засаг захиргааны газраас барьж асуужээ. Түүний өчиг мэдүүлгийн дотор бөөрөнхий зүйл олон ба мөн хэрэгт Лааганы нэр байхгүй атал харин Бадрахын нэр оролцон байсныг өгүүлбээс тэрхүү шар Санжийн өчигт Бадрахын хэлсэн нь: Дөрвөд аймгийг тусгаар болгох тухайг дурдаж арван гэрийн хурлаар хэлэлцүүлье хэмээсэн зүйл буй ба бас эл олон хэргийн дотор Лааган буруу хийснээ хүлээсэн зүйл огт үгүй байна.
Бас Лааганы өчиг мэдүүлгийн дотор Улсын Бага Хурлын үеэр Лааган Нанзадын хамт Бадрахын гэрт очиход мөнхүү Бадрахын хэлсэн нь харьяат Дөрвөд аймагт албан татварын тухай амиа хорлосон нэгэн хүний хэргийг н.Гэлэгсэнгэ төдий л хайхрахгүй байна. Жадамба Чандмань уулын аймагт уурын тэрэг гаргахад татгалзсан зэргээр Дөрвөд аймгийг гадуурхах төлөвтэй тул Ховд хязгаарыг тусгаарлаж болох юм хэмээн хэлж байсан хэмээхээс үзвээс энэ хэрэгт Лааганыг холбогдуулж барьж хорьсноос шударгыг хэлэхэд н.Бадрахыг 10 дахин барьж хорих хэрэгтэй юмсанж” гэжээ.
Бүгд хурлын дараа залгаад МАХН-ын VII их хурал хуралдсан. Тус их хурал дээр тавьсан НХБТК-ын илтгэлд: энэ хэргийн тухай өгүүлсэн Шмералийн хэлсэн үгнээс зөрөхөөргүй зүйлийг хэлээд дээр нь Бадрахаас мөнхүү Лааганы өдүүлсэн хэргийн байдал хараахан улс төрөөс урвах тэрсэлсэн хэрэг бус, гагцхүү намын дотоод явууллагаас үүдсэн болов уу хэмээн үнэн чанар илрээгүй мэт эргэлзэлтэй зүйл буй тул намын газар татан авч уул холбогдсон хэргийн үндэс чанарыг урьдаас намын дотор байцаан илрүүлж өдүүлсэн хэргийг намын хувиар таслан дуусгуулбаас ямар гэж байсныг хэлж байна.
Эндээс үзэхэд Бадрах Лааганыг өмөөрсөн байдал харагдаж байгаа юм.
Мөн их хурал дээр Бадрахаас: “Лааганы өнгөрсөн үеийн тухай яриад Лааган бол намын ажилд шударгаар зүтгэж ирсэн ядуу хоосон ард ийм хүнийг энэхэн хэрэгт далимдуулан дайчлан барьж нэгэн ядуу гишүүнийг 40 гаруй хоног хүнд гянданаа хорьж зовлон зүдүүрийг хүлээлгэн үзүүлсэн нь хэлэвч занавч баршгүй барууны аюулын долгионы гашуун хор мөн болой” гэжээ.
Бадрахаас Лааганыг чөлөөлөх талаар бичиг өргөсөн тухай н.Дугаржав ярьсан байдаг. Лааган хэлсэн үгэндээ: уг хэргийн тухай юу ч хэлээгүй байгаа юм. Зөвхөн: би элдэв янзын юм их сонсдог. Энэ сонссоноо хэлэх дуртайн харгайгаар гяндан шоронд хүртэл орж явсан амой гэж хэлж байна.
Харин 1928 оны 9 дүгээр сарын 15, 17, 21-нд З удаа Лааганыг байцаасан баримт байх бөгөөд түүнд тэмдэглэгдсэнийг үзвээс: “Бадрахаас тус дөрвөд аймгийг автономит эрхтэй Монголоор удирдуулсан тусгай улс болбоос юунд ингэж дарлагдах билээ хэмээн надад З удаа хэлсэн нь туйлын түмэн үнэн энэ билээ. Өчүүхэн хүн Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн байтугай өнгийн хэнийг ч би чингэсэн хэмээн хилс гүтгэж огт чадахгүй” хэмээгээд Бадрахтай ямар харьцаатай байсан талаар ярихдаа: “Бадрах бид хоёр болбоос хоорондоо өшөө хонзон огт үгүй. Гишүүний хувиар хэзээнээс эхлэн эв найрамдалтай явсан хүн болох тул Бадрахыг би болбоос итгэлтэй нөхөр хэмээн итгэж явсан хүн.Гэтэл одоо хэлсэн үгээ хэлээгүй хэмээснийг үзхүл Лааган миний амийг хорлох эрлэг мөн юм байна хэмээн санаж улсын гянданаа хоригдож элдвийн зовлон зүдүүрийг эдлэж”буй гэж мэдүүлсэн байна. Мөн өгсөн мэдүүлэг бүртээ шахам тэр: “өчүүхэн хүн хаана ч очсон энэ удаа дараагийн мэдүүлснээс өөрчлөх зүйл огт үгүй” хэмээн дахин давтан хэлж байсныг дурьдахад илүү бус хэмээн санана.
Энэ бүгд дээр нэмж хэлэхэд бүр 1939 онд өгсөн нэг мэдүүлэгтээ: Тэр үед Чандмань уулын аймгийг тусгаар улс болгох хэргийг Бадрах нараас толгойлон удирдаж байсан бөгөөд Бадрахын бие 17 онд (1927) Чандмань уулын аймгийн намын ажлыг үзэхээр очихдоо Лааган миний биед ярьж байсан нь Чандмань уулын аймгийг тусгаар улс болгох асуулт бол туйлын ихээхэн улс төрийн утга чанар бүхий чухал хэрэг тул энэ хэргийг та нараас хамаагүй толгой мэдэж задруулан ажиллаж болохгүй, нарийн аргаар явуулах хэрэгтэй гэх зэргээр даалгаж байсан нь үнэн гэж өчсөн байх юм.
Мөн Ө.Бадрахаас Л.Лааганд хандаж “Манай аймаг тусгай улс болбоос элдэв зардлаа дотор зуураа зарах хэрэгт нь дөхөмтэй болохоос гадна эд нарт (баруунтнууд).. юунд дарлуулах билээ” гэж байжээ. Энэ ярианы дараа Ө.Бадрах, Л.Лааганыг өөрийн холбоотон гэж ярьж байснаас “Шар Санжийн хэрэг” гэгчид сэжиглэгдэхэд хүрчээ.
1929 оны эхээр Дотоодыг хамгаалах газрын тасгийн дарга Очиржав хэмээгчээс намын хянан байцаах төв комисст бичсэн захидалдаа өнгөрсөн намар цагт Чандмань уулын аймгийг тусгаар болгох хэмээв гэх зэргээр мөн аймгийн Намын хянан байцаахын дарга Лааганд “худал ташаа хэргийг хилсээр хүлээлгэж нэгэн сар илүү болсон” тухай мэдээлжээ. Түүнээс гадна Засгийн газрын эрхлэх товчооны гишүүдийн 1929 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 20 дугаар хурлын тогтоолоор шар Санжийн “…тусгаар болгох гэсэн явдал баримтгүй учир хэргийг хэрэгсэхгүй” болгов гэсэн нэгэн баримт архивт байдаг юм.
Лааган, Бадрах нарын нэр холбогдож илэрч гарсан “Шар Санжийн хэрэг” хэмээгч нь намын анги, бүлгүүдийн өөр хоорондох сөргөлдөөнөөс үүссэн утга учиргүй хардалт, сэрдэлт байсан юм хэмээн хийсвэрлэн дүгнээд өнгөрч болох боловч уг хэргийг Коминтерн, түүний бие төлөөлөгчид анх сэдэвлэн гаргаж Бадрах нараар дамжуулан хэрэгжүүлж байгаад Монголчууд түүнийг илрүүлэхийн даваан дээр өөрсдөө ирж шууд зогсоосон учир битүүлэг улс төрийн нарийн хэргийн учиг байсан байж болох талтайг тэмдэглэхгүй өнгөрч эс чадав.
ХОЁР. Л.ЛААГАН “ЛХҮМБИЙН ХЭРЭГ” ГЭГЧИД ХОЛБОГДСОН НЬ
Л.Лааган хоёр дахь удаагаа 1934 оны долдугаар сарын 28-нд “Лхүмбийн хэрэг” гэгчид холбогдон Ховд дахь Дотоодыг хамгаалах газар баригдан Улаанбаатарт хүргэгджээ.
Гэм зэмгүй олон арван хүний амь насыг үзтэл хилсээр хөнөөсөн энэхүү “Лхүмбийн хэрэг” гэгчийн тухай энд нуршихаа больж, зөвхөн Улсын Бага Хурлын дарга агсан Лааганыг холбогдуулсан тэр хэсгийнх нь талаар товч өгүүлье.
1932 оны VI, VII саруудад “зүүнтнүүдийг” нам, төрийн удирдлагаас зайлуулсан дараахан үеэс эхлэн энэхүү учир битүүлэг “жүжиг” эхэлсэн болов уу хэмээн санагддаг. “Зүүний” гол гол удирдагчдын заримыг халсан боловч заримыг ойр зуурын албанд тавьж, тухайлбал Ө.Бадрахыг ЭХЯ-ны сайдаар түр торгоож, З.Шижээ нарын хэдэн хүнийг холбоот Улсад “сургуульд” явуулан Л.Лааганыг Монгол банк, Хоршоодын холбоо хавиар барьж аргацаан цаг хугацааг хүлээзнэсэн маягтай байлгасан шиг санагддаг юм. Харин тэдэнтэй гар нийлж явсан “зүүнтний” нэг удирдагч П.Гэндэн ерөнхий сайд болсон нь нөгөөдүүлийнхээ эсрэг ашиглагдахад хүрээ биз дээ.
Одоо Лааган баригдахынхаа өмнө хаагуур явж, ямаршуухан байдалтай байсныг сонирхъё.
1934 оны 1 сарын 19-ний өдөр Лхүмбэ анх удаа “хэрэг” хүлээж: “Шодоев Дамдин, Япон хүний хамт их хурал хийлгэхэд Лааган, Жигжиджав бид нар оролцсон” хэмээн мэдүүлснээр Лааганыг “Японы тагнуулын байгууллагын гишүүн”-д тооцох болж, улмаар Ховдын хоршоонд ажиллаж байсан түүнийг Намын Төв Хороо ба Дотоодыг Хамгаалах газраас удаа дараа дууджээ.
Энэхүү дуудлагыг хүлээн авсан Лааган машинаар Улаанбаатар хот руу 1934 оны 4 дүгээр сарын 2-нд гарахад нь түүнийг Дотоодыг хамгаалахынхан сэмхэн салахгүй дагаж мөшгөсөөр нийслэлд ирсэн бололтой. Энэ талаар бяцхан тодруулбал,
Ховд аймгийн цэргийн хэлтсээс Дотоодыг хамгаалах газрын дарга Намсрайд явуулсан (1934.4.3-ны шифр) цахилгаандаа: “Лааганыг хоршооны орос жолоочтой хамт хөнгөн машинаар манай нэг хүний хамт явууллаа” гэсэн байна. Энэ нь Лааганыг Ховдын дотоодыг хамгаалахын хүн өөрт нь мэдэгдэлгүй хамт дагалдан явжээ гэсэн үг. Тиймээс ч Лааганы явсан ул мөрийг хоног, цаг гээлгүй төвдөө уламжилж байжээ.
1934 оны 4 дүгээр сарын 5-ны орой Лааганы сууж явсан машин Архангайд ирээд хоносон байна. Дотоодыг хамгаалахын шугамаар Лааганыг хэдийд Ховдоос гарч хэдийд Архангайд ирснийг урьдчилан мэдсэн Ерөнхий сайд Гэндэн, Лувсаншарав нар Улаанбаатар хотоос даруй гарч, Архангай аймгийн төв дээр 4 дүгээр сарын 6-ны өглөө “санамсаргүй”, “тохиолдлын чанартай” уулзалтыг зохион байгуулсан байна.
Уг “уулзалтыг” дээрээс зохион байгуулж, ногоон малгайтнууд хэрэгжүүлсэн нь хөдөлбөргүй нотлогддог юм. Баримт сөхвөл,
Архангайн Дотоодыг хамгаалах ангийн дарга Дүгээ 1934 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр “5-ны орой Лааган ирсэн.Бид танаас өгсөн зааврын дагуу машинд нь зохих хэмжээний саатал учруулж чадсанаар хонуулж чадлаа. 6-ны өглөө Гэндэн, Лааган нар уулзлаа”гэсэн мэдээг Дотоодыг хамгаалах газарт явуулсан байдаг. Энэ “уулзалтаар” Гэндэн Лааганд шахалт үзүүлж:
Нэгд, чамайг Японы тагнуулын хэрэгт холбогдсон хэмээн Лхүмбээс мэдүүлсэн,
Хоёрт, чи энэ хэргийн талаар хүнд хэлж болохгүй, эл хэргийг зөвхөн Намсрай бид хоёроос бусад хэн ч мэдээгүй хэрэг хэмээн дотночилон хэлсэн.
Гуравт, чи Улаанбаатараас гадагш гарч болохгүй, хотод очоод хэнд ч болов хэлж болохгүй хэмээн хатуугаар тулгасан байна.
Лааган хариуд нь: Лхүмбийн “хэрэгт” холбогдсоныг огт хүлээхгүй гэдгээ хэлж байжээ. Энэ тухай Гэндэн: “Лааган хүчтэй эсэргүүцээд байна…” гэж төвд мэдэгдсэн байдаг.
Лааган хотод ирээд хэсэг ажилгүй байв.1934 оны 5 дугаар сарын эхээр Ерөнхий сайдаас Лааганд “Хөвсгөл аймагт ажлаар явсугай” хэмээн тушаасан байна.Гэтэл үүний хариуд Л.Лааган өмнө дурдсан улс төрийн эсэргүү гүтгэлгийн хэргээс ангижиртал төвд байлгахыг хүссэн захидлыг Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарт 1934 оны тавдугаар сарын 13-нд бичсэн байна. Уг хүсэлтийг нь хүлээж аваагүй учир Л.Лааган тушаалын дагуу Төв Кооперативын дарга Равдангийн хамт Хөвсгөл аймагт очиж мал махны ажил, өлөн гэдэсний заводад түр ажиллажээ.
Лааганыг чухамдаа Хөвсгөл аймагт илгээсэн нь цаана их л утга учир бүхий үйлдэл байв. Лааган ийш тийшээ явах дургүй байсан тухай дээр нэгэнт дурдсан билээ.Тэгэхлээр түүнийг Хөвсгөл руу хүчилж явуулаад тэндээс нь Алтанбулаг руу аваачиж цааш нь зөвлөлтийн хилийн цэрэгт барьж өгөх зорилготой байжээ.
Дотоодыг хамгаалах газраас 1934 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Алтанбулагийн ангид явуулсан мэдээнд: Лааган Хөвсгөл аймгаас танай хоршоонд түр ажиллахаар очно. Энэ үед нь бага сага ажил өгч байгаад цааш СССР-т явахыг тушаа. Хэрэв явахгүй бол шууд баривчилж, зөвлөлтийн хилийн цэрэгт тушаа! Гэж үүрэг өгч байжээ. Үүний зэрэгцээ 1934 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Алтанбулаг боомтоор Лааганыг хил гаргах виз, паспортыг урьдчилан бэлтгэж өгсөн Лааганыг Монголоос зайлуулах зохион байгуулалттай үйлдэл өрнөж байсныг илтгэнэ.
Энэ үед Лааган хэрэг хүлээгээгүй байсан тул хилээр түүнийг хүчлэн гаргаж чадсангүй. Ингээд тэр 1934 оны VII сарын 1-ний үеэр буцаж Улаанбаатарт иржээ.Лааган угийн юманд няхуур ханддаг хүн учраас учир битүүлэг хэргийн үнэн мөнийг олох, өөрийн буруугүй гэдгийг ойлгуулах үүднээс нам, засаг, төрийн удирдлагуудад удаа дараа хандаж, уг ажлаа цөхрөлтгүй хөөцөлдөж байсан нь баримт бичгээс ажигллагддаг юм.
Тэгтэл Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Лувсаншарав, Дэмид нараас таны бие Лхүмбийн хэрэгт холбогдсон хэмээх мэдүүлгүүд гарсан боловч бид таныг бусдын адилаар баривчилж байцааж зохилдохгүй.Иймд танаас эл хэргийн тухай өөрөө үнэнээ мэдүүлэх ахул ямарч ялгүй харин сонин хэрэг болно.Ийм учраас таныг Холбоот Улсад явуулахаар тогтсон бөгөөд энэ тухай Төв Хорооноос Холбоот Улсын элчин лүгээ гэрээ байгуулж СССР-т та нарыг 2 жил суулгах болсон.Одоо 3 хоногийн дотор ажил ахуйгаа бэлтгэн гарваас зохимой” хэмээн тушаажээ.Энэ тушаалыг Лааган хилс хэрэг гэж үзэж хүлээж аваагүй. Энэ тухайгаа ойлгуулах үүднээс өөрийн нас 50 хүрсэн, 7-гоос 14 насны хэдэн балчир хүүхэдтэй зэрэг гачигдал зовлон тоочсон захидлыг Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарт 1934 оны 7 дугаар сарын 13-нд бичиж өгчихөөд зугатаагаад Ховдод төрсөн нутагтаа оччихсон бололтой.
Тэндээс нь Л.Лааганыг 1934 оны 7 дугаар сарын 28-нд Дотоодыг хамгаалах газар барьж авчраад түүнд: “Японы тагнуулын нууц байгууллагын” хэрэгт оролцсон гэсэн хилс хэргийг тулгаж, 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 23 хүртэл байцаажээ. Эхний 7 өдөр тэр ямар ч хэрэг хүлээгээгүй бөгөөд байцаалтад “Лхүмбийн хэрэг” бол зохиомол, хуурамч юм гэдгийг удаа дараа хэлж байжээ.
Ердийн байцаалтаар хилс хэргийг Лааганд хүлээлгэж дөнгөхгүй болохоороо Дотоодыг хамгаалах газраас түүнийг “7 өдөр 7 шөнө” тасралтгүй байцааж мөрдөн байцаалтын хууль бус арга хэрэглэж эхэлжээ. Энэ тухай Лааган 1934 оны 10 дугаар сард МАХН-ын IX их хурал, Коминтерны Дорнод хэлтэст бичсэн өргөдөлдөө: “Чиний бие Японы тагнуулын байгууллагын хэрэгт оролцон холбогдсон явдал зайлшгүй үнэнтэй учир эрх үгүй тодорхойлон хүлээж мэдүүлэх хэрэгтэй хэмээх зэргээр хүчлэн дарлаж шаардсан боловч би энэ мэтийн хувьсгалын эсэргүү ажил хэрэгт оролцон холбогдож явсан явдал урьд хожид хэзээ ч үгүй байтугай санасан ч үгүй. Хэдийгээр засгийн өршөөлийг авахгүй хийхгүй боловч худал хэрэг хүлээж чадахгүй хэмээн үнэн учир гарсан мэдүүлэвч түүнийг ер хэрэгсэх үгүй. Харин чамайг Засгийн газраас суллаж тавих тухай тогтоол гарсан. (хуурахыг оролдсон О.Б.) Одоо эл хэргийг хүлээж мэдүүлэх хэрэгтэй, чамайг урьд адил өмгөөлөн хамгаалах хүн үгүй, чамайг эл хэргийг хүлээж байна хэмээн хэн ч яллахгүй. Хэрэв тухайд яллах хэмээвэл хэрэг хүлээвээс яллах үгүй хэмээсэн та нарын их хууль худал ахул миний мэдүүлэг ч худал хэмээн мэдүүлгийг буцаах үгүй юү. Чамайг эл хэргийг заавал хүлээх хэрэгтэй хэмээхийг Засгийн газраас ч шаардан буй. Чиний үйлдсэн хэрэг 100 хувь үнэнтэй бөгөөд заавал чиний амаар мэдүүлэх хэмээсэн хэрэг бөгөөд “Чи болбоос ганцаар, бид болбоос олон.Манай Дотоодыг хамгаалах газрын аппарат өргөн, өдөр олон, сарын хоног удаан.Чи эл хэргийг хүлээж мэдүүлэхгүй болбоос чиний толгойн үсийг цагаан болтол байтугай өвс хамхуул ургатал суулгаж байцаана.Үүнээс хойш чамайг хэрэг хийсэн буюу үгүй буюу.Үнэн буюу худал уу, “Үүнээс өөр зүйлгүй үнэнийг мэдүүлэв” хэмээн хэлэх эрхийг мөрдөн байцаах хууль ёсоор шууд хасав” гэх зэргээр шаардаж байсныг тодорхой өгүүлжээ.
Ийм хүчинд автсан Лааган арга буюу хилс хэргийг “хүлээж” ам түр боловч завсарлажээ.
Лааган “нүүрэлдүүлсэн” Дэндэв нарын хэлсэн бүгдийг үнэн” хэмээн хилс хэрэг хүлээж ам нээтэл түүнийг хэдэн өдөр байцаахгүй амраажээ. Тийн шоронд байцаалт түр завсарлаж “амарч” байтал Лааганыг урьдах байдлаар дахин байцааж эхлэх нь л тэр.
Урд нь “Японы тагнуулын байгууллагад оролцоотой эсэхийг” байцаадаг байсан бол энэ удаагаас “Танай байгууллагын удирдагч хэн байсан, бусад удирдагч нараас хэн хэн оролцсон, цэргийн талаас хэн хэн хичнээн хүн оролцсон, чиний бие Москвад очихдоо ямар хүмүүстэй уулзаж харилцсан” гэх зэргээр байцаадаг болж, улмаар Улсын прокурор Ядамсүрэн, Бага Хурлын нарийн бичгийн дарга Сурахбаяр, Мал тариалангийн яамны сайд Ширнэн нараар ятгуулан: “Бид нарыг Засгийн газраас тийн уул хэргээ түргэн хүлээж мэдүүлж өгвөөс хэрхэвч ял шийтгэх ёсгүйг мэдэгдэхээр зориуд томилон явуулав. Иймд эл хэргийг эрхбиш хүлээж дэлгэрэнгүйгээр мэдүүлэх хэрэгтэй болохыг бид нөхрийн ба албан тушаалын алины ч хувиар эл Засгийн газрын хүсэн шаардаж буй өршөөлийг сануулмой” гэх зэргээр хэлүүлж, тулгаж шаардаж байсан байна.
1934 оны зун наадмын үеэр Лхүмбийн хэрэгт холбогдсон ЗЗ хүний хэргийг шийдсэн тухай хэвлэлд гарсан.Энд бол 5 хүнээс бусдад нь өршөөл үзүүлж тодорхой хугацааны хорих ял оноосон.Гэхдээ энд ЗЗ хүн гэж бичээд 32 хүний нэрийг тавьсан байна.1 хүн бол байхгүй байгаа.Энэ бол Лааган байжээ гэж бодож байна.Яагаад гэвэл тэр хэрэг хүлээхгүй байсан. Мөн 1934 оны есдүгээр сард Намсрай (ДХГ дарга), Төв аймгийн намын хурал дээр тавьсан илтгэлдээ: Бага хурлын дарга Лааган бол Лхүмбийн хэргийг удирдагчдын нэг, тэр ЗЗ-ын 1 гэж хэлж байна.
Энэ бүхний эцэст 1934 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Л.Лааганы бие “нэгэнт өтөлж өвгөн буурхай болсны дээр өөрийн гэмт хэргийг шударгаар хүлээсэн” тул Дотоодыг хамгаалахын тусгай хэлтсээс ялын төлөвлөгөө үйлдэж түүнд хуулийн дээд хэмжээ өгөхөөр төлөвлөжээ.
Гэвч “Засгийн газрын бодлогыг баримталж Холбоот Улсад 2 жилээр явуулан шийтгүүлье” гэсэн шийдвэр гарчээ.Ингээд 1934 оны 9 дүгээр сарын 1-нд Лааганыг Зөвлөлтийн хязгаарын цэргийн отрядад шилжүүлсэн байна.Шилжүүлсэн тухай актад Алтанбулаг ангийн дарга Готов гарын үсэг зурсан байдаг. Энэ талаар өндөр настан Б.Банзрагч 1989 онд ярихдаа: “1934 оны намар (9 дүгээр сард) би Намын Төв Хороонд байж байгаад бага Самдантай хамт 1 жилийн курст явсан.Энэ үед машинаар Улаан-Үүд хүрдэг байв.
Алтанбулагаас наана бид буугаад амарч байтал урдаас Улаанбаатараас ачааны машин ирээд хажуугаар шур хийгээд өнгөрлөө.Дээр нь 2-3 хүн байх юм.Нэг нь Лааган гуай, толгой нүцгэн байсан шиг санагдана.Бусад 2 нь цэргийн хүн байна.Баригдсан хүнийг авч яваа аятай харагдсан. Лааган байна гэдгийг бид таньсан юм. Ингэж л түүнийг хойш нь аваад явахыг нүдээрээ харсан юм” хэмээн өгүүлснийг өчүүхэн судлаач би өөрийн гараар тэмдэглэж үлдсэн билээ.
Чухам тэр хэдийд Москвад хүргэгдсэн нь тодорхойгүй байна. Гэвч 1939 онд өгсөн нэгэн мэдүүлэгтээ: Лхүмбийн хэрэгт баригдаад хойш Москва хотноо очоод элчин Дарьзав дээр буусанд энд хүн суух байр байхгүй тул чи хоршооны байранд оч! Гэсэн, заалган явсаар тэнд очтол Бадрах, Гиваапил, Баттөмөр, Шархүү нар байсантай уулзлаа.Тэдэнд замдаа Троицкосавск, Улаан-Үүд зэрэг газар нэлээд саатаж ирсэн тухайгаа ярихад Гиваапил манай нөхдөөс нэмж ирүүлж байгаа юм байна даа хэмээсэн гэсэн үг байдаг юм.
Тэрээр 1934 оны 9 дүгээр сарын 30-нд Москвагаас Монгол улсын Бага Хурал, Засгийн газрын тэргүүн Амар, Гэндэн нарт анхныхаа захидлыг бичиж, түүндээ “Би таны тушаал шийдвэрээр энд ирэв. Эрх чөлөө бүхий болов.Хэрэв таны хүслийг хангах хугацааны дотор суух ахул хоол хувцас орон байр буюу түүнд хэрэглэх мөнгө олгох газар үгүй, өлбөрөхөд хүрэх тул түргэн хариу зааж ирүүлэхийг эртхэн мэдүүлье” хэмээн бичиж байжээ.
Мөн Москвад очуут бичсэн болов уу гэмээр нэгэн зурвас байх бөгөөд тэр нь БНМАУ-аас СССР улсад суугаа элчин сайдын яамнаа тавьсан Лааганы хүсэлт байв. Тэрхүү зурваст: “Эдүгээ өчүүхэн хүн миний бие нааш ирэх замын зуур СССР улсын Хиагт хотноо буй Дотоодыг хамгаалах газраас миний бие дор хэрэглэж явсан хутга нэгийг хураан авсан ба мөн онц үнэ бүхий хөөрөг нэгийг үрэгдүүлсэн нь хууль ёс бус болох тул элдэв зүйлээр гачигдаж буй миний биед эл дурьдсан үнэ бүхий зүйлүүдийг эрхлэх газар лугаа харилцаж даруйхан олгуулахыг гуйсугай. Лааган” хэмээн бичсэнээс үзэхэд түүний биед хэрэглэж явсан эд өлгийн зүйлийг хил дээр хураан авч “золигт” гаргасан бололтой.
Энэ бүхний эцэст ЗХУ-ын анхааруулга, ЗХУ-аас БНМАУ-д суугаа бүрэн эрхт төлөөлөгчтэй урьдчилан тохиролцсон ёсоор МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 1934 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 1 хурлаас Лааган нарын зургаан хүнд “Шүүх таслах ба хууль цаазны талаар ял ногдуулж хэлэлцэхгүйгээр ЗХУ-ын нутагт 2-3 жил суулгах” тухай тогтоол гаргасан байдаг.
Уг тогтоолд Л.Лааган нарын “Монгол Улсын тусгаар тогтнол хувьсгалын ололтыг устгах, монголын ард түмнийг японы түрэмгий нарын колони болгохыг оролдож байсан нь зүйл, зүйлээр илэрсэн” хэмээн тэмдэглэж, “Эл Лааган нарын 5 хүмүүсийг шүүх таслах ба хууль цаазны талаар ял ногдуулж хэлэлцэхгүйгээр Холбоот улсын хязгаарт хоёроос гурван жил хүртэл суулгахаас гадна тэднийг хугацаа дуустал хэрхэвч Монголын хязгаар дор буцааж ирүүлэхгүй болгох ба бөөнөөр нь суулгах явдлыг аюултай хэмээн үзэж “эд нарыг Москвагаас шилүүлж өөр газар суулгах тухай Холбоот Улсын засгийн газрууд лугаа харилцан гүйцэтгэх явдлыг одоогийн явах нөхөр Гэндэн нарт даалгасан байна.
Өөрөөр хэлбэл Лааган нарыг “Монголын хязгаараас зайлуулсан” тогтоол юм.
Лааган Москвад ирээд битүүлэг хэргийн учир зүйг олох талаархи ажлаа үргэлжлүүлэн хөөцөлдөж, МАХН-ын IX их хурал, Коминтернд 1934 оны Х сард өргөдөл бичин: “…зөвхөн миний нэр төдий биш харьяат намын нэр алдарт холбогдсон ба олон ардыг нэгэн адил гүтгэн халдаж буй… нэгэн цагийн хэцүү зүтгүүрээс бэрхшээж ор нэр үгүй хилс гүтгэлгийг үнэн хэмээн мэдүүлснийг намын хатуу тангараг журмыг хамгаалж чадаагүйн бурууг их хурлын өмнө илэрхийлэн мэдүүлж нягтлан хянахаар байцаал болгон толилуулмой…”, “миний бие тус монгол ардын үндэсний хувьсгал дор үнэнээс итгэн шатаж өөрийн улсын тусгаар тогтнох явдал дор үнэнийг журамлан зүтгэж явсан” гэх зэргээр бичсэн байдаг. Харин түүний энэ хөөцөлдөлгөө тухайн үед талаар өнгөрсөн боловч өнөө үед үнэнийг өчих баримт болон үлдсэнээрээ түүхийн үнэ цэнэтэй ховор материалд даруй тооцогдоно.
Лааган Москвагаас чухам ямар замаар хэрхэн ирсэн нь тодорхойгүй, ямар ч байсан 1934 оны 12 дугаар сард Монголдоо эргэж ирсэн байна. Монгол-Орос хоёр улс төр засгийн эрх баригчдын хамтарсан шийдвэрээр ЗХУ-д 2-3 жилийн хугацаагаар нутаг заагдаж, 1928 онд анх цөлөгдсөн мөнөөх Ц.Дамбадорж, Н.Жадамба нарын хойноос хүргэгдсэн Лааганыг яагаад 40 хэдхэн хоногийн дараа эх нутагт нь дээр дурьдсан тогтоолоо зөрчиж буцааж ирүүлэв?! Бодоход мөн л улс төрийн зорилготой байгаа биз ээ. Жич, тэр нэр бүхий 6 хүнээс зарим нь Москвад үлдсэн нь ч бас л санамсаргүй тохиолдол огтхон ч биш нь лавтай? Лааган ирэнгүүтээ өөрийг нь болон өрөөл бусдыг нь хамруулан егүүтгэж эхэлсэн “Лхүмбийн хэрэг” гэгчийн үнэн мөнийг олох гэсэн эрлээ үргэлжлүүлэн хөөцөлджээ.Тэр ирэнгүүт Дэмидтэй уулзаж зүгээр суухгүй байсан нь зарим хүмүүст таалагдсангүй.
1934 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дотоодыг хамгаалах газрын ерөнхий сургагч Чибисов: “Москвагаас ирсэн этгээдүүдийг тарааж явуулах нь зүйтэй байна.Учир нь энд Дэмидтэй харилцаж байгаа нь муу хэрэг болно. Тэдний харилцаа тасрахгүй байна” гэж Намсрайд хэлсэн байна. Тийм ч учраас Лааганыг 1935 оны З дугаар сарын орчим Хөвсгөл аймаг руу явуулжээ. Энэ талаар Хөвсгөлийн Дотоодыг хамгаалах ангийн дарга Чонхлой Дотоодыг хамгаалах газарт мэдэгдэхдээ: “Танай дугаар тоот албан захидлыг авч, Лосолын Лааганыг энд суулгалаа” гэжээ. Эндээс дараа нь тэр өөрөө хүсэлт гаргаж Ховдод шилжсэн бололтой юм.
Учир нь “Миний бие 1935 оны 9 дүгээр сард н.Лувсандорж, Өлзийхутаг нарын зөвшөөрснөөр нутагтаа ирж, мэнд сайн сууж бүлгөө” гэж Дадан гэдэг хүнд 1936 онд захиа бичсэн байна.
Ховдод төрсөн нутагтаа ирээд хэсэг зуур байсны дараа тэр Намын төв Хорооны нарийн бичгийн дарга нарт 1936 оны есдүгээр сарын 2-нд захидал бичиж: “Миний бие Улаанбаатар хотноо одож харьяат дарга нартай өөрийн биеэр уулзаж тавих асуудал буй ба мөн ч өөрийн амьдрал дор холбогдсон хувцас хэрэгсэл ба гэр орны зүйл буй болох болой авч өдөр тутмын амьдрал дор хэрэглэх зэрэг учраас өчүүхэн надад Улаанбаатар хотноо одох зөвшөөрөл олгож, зохих замын зардлыг тавьж олгохыг гуйсан” байна.
Уг захидалд төвөөс юу хэмээн хариулсан нь тодорхойгүй байгаа юм.Бодоход Лааганы бичсэн энэхүү захидлын “хариу” нь түүнийг З дахь удаагаа баривчлах тухай шийдвэр болон очоо биз дээ.
ГУРАВ. ХУВЬСГАЛЫН ЭСЭРГҮҮ “ГЭНДЭН, ДЭМИДИЙН ХЭРЭГ” ГЭГЧИД ХОЛБОГДСОН НЬ
Монгол улсын гэм зэмгүй олон мянган үрсийг хоморголон баривчилж устгасан “Их баривчилгааны” эхэн үе буюу 1937 оны намар болж байв. Ховд нутагт урд урд жилүүдийн нэгэн адил намрын шаргал нар налайж, олон түмний сэтгэл тэнүүн, өдөр тутмын өөрсдийн ажлаа амжуулцгааж байсан буй за. Тэдний дунд урд нь “туг ч барьж, тугал ч хариулж” амьдралын эрээн барааныг хүртэхээрээ л болсон Лааган гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамтаар элэг бүтэн, энэ ертөнцийн сайхнаас амсаж л яваа байх даа.
Гэтэл түүнийг нүглийн хар үүл дахиад л дайрах нь тэр. 1937 оны 8 дугаар сарын 28-наар өдөрлөсөн “Заговор” (хуйвалдаан) хэмээх хэргийн жагсаалт, түүний үргэлжлэл “Список 2-т “Лааган-Бага хурлын дарга байсан. Самбуугийн мэдүүлгээр илэрсэн” гэж нэр илэрснийг үндэс болгон Дотоод яам 1937 оны 9 дүгээр сарын 15-нд түүнийг З дахь удаагаа баривчилжээ.Урд нь хоёр ч удаа ямарч гэм хийгээгүй байж улс төрийн хилс хэрэгт олон олон хоногоор орон шоронд хоригдон, хууль бус залхаалт цээрлүүлэлтийг амсан, дотоод, гадаадад цөлөгдөж явсан энэ хүнд гуравдахь удаагаа баригдахад нь юу бодогдоо бол?
1940 оны 3 дугаар сарын 30-нд Дотоод явдлын яамны орлогч сайд Жамбалдоржийн баталсан ялын төлөвлөгөөнд: Дотоод яам нь 1927 оноос хойш Японы тагнуул төлөөлөгч бөгөөд ардын дайсан Лхүмбэ нарын байгууллагыг удаа дараа устгаж ирсэн бөгөөд лам, Гэндэн, Дэмидийн байгууллагыг үе дараалан толгойлж, төв удирдагч нь байсан Лааган удаа дараа нуугдан хоцорч өөрийн ажлыг идэвхжүүлж байсан тул 1937 оны 9 дүгээр сарын 15-нд баривчилсан хэмээн уг баривчилсан шалтгаанаа тодорхойлжээ.
“Гэндэн, Дэмидийн хэрэг” гэгчид холбогдуулан Л.Лааганыг 2 жил 6 сар гаруй хугацаагаар мөрдөн хорьж, Дотоод явдлын яамны төлөөлөгчид түүнд “хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүн” гэсэн тулгалт хийж, улмаар “хэзээ хэнд элсэгдсэн. Танай байгууллагын гишүүн хэн хэн болох, хэнийг элсүүлж авсан Юу хийсэн” зэрэг асуулт тавьж 19 удаа байцаажээ.Тэрээр эхний үед “эсэргүү хэрэг” гэгчийн талаар ямарч мэдүүлэг өгөөгүй байна.1939 оны 12 дугаар сараас байцаагч Мэнд дахин байцаахад “хувьсгалын эсэргүү хэрэгт оролцож байсан удаа байхгүй.Харин баруун “зүүний” анги бүлэгт оролцож явсан нь үнэн. Анги бүлгийн тухай мэдүүлэг авахыг шаардаж байгаа бол би түүнийг мэдүүлнэ…
Чойбалсан эд нар өөрсдөө нугалаа хийж явсан атал түүнийгээ над тийш түлхэж улстөрийн хэрэгт холбогдуулан байна. Би өөрийн эх орноосоо урвасан хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож ажилласан удаа огт байхгүй учир… мэдүүлэх зүйлгүй” гэж байсан бол дараагийн байцаалтаас эхлэн Дотоод яамны олон хоногоор шоронд суулгаж ядраах, зодож жанчих, тулгаж шахах, халуун, хүйтэн өрөөнд байцаах зэрэг хууль бус аргуудыг үл тэвчин “Японы төлөөлөгчтэй харилцаатай байсан.Зөвлөлтийн барааны захиалгыг хорогдуулан, 40 гаруй сургагчийг хасаж буцаасан. Ванчин Богдтой харилцаа байгуулах ажил зохиолцсон.Хасгуудаар дээрэм хийлгэх ажлыг зохион байгуулсан” гэсэн хилс хэрэг хүлээжээ.
Үүнийх нь төлөө түүнд 1940 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Улсын дээд шүүхийн 17 дугаар хурлаас түүнд “буудан алах ял” оноожээ.
Л.Лааганыг барьж хорьсон, түүнд тулгасан хэрэг бол үнэнд үл нийцэх, залхаан цээрлүүлэх замаар гаргаж ирсэн худал ташаа гүтгэлгүүдээс бүрдсэн завхруулга байсныг түүх нэгэнтээ нотолжээ.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгах комиссын 1962 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар хурлаар Л.Лааганд тулгасан хэргийг цагаатгасан байна.
САНАЛ, ДҮГНЭЛТ БОЛГОХ НЬ
1990 оны ардчилсан хувьсгал Монголд ялж, хүний эрхийг дээдлэх боломж нээгдсэн цаг үеэс хойш өнөө 27 жил болжээ. Монгол үндэстэнийг хоморголон алж устгасан, монгол үндэстэний оршихуйн үндсийг тасалсан улс төрийн хэлмэгдэлийн оргил үе болох 1937 оноос хойш 80 жил болжээ. Коммунист дэглэмд хэлмэгдэн золиос болсон монгол үндэстэний түүх, өнгөрсөн уламжлалын асуудлыг нэг мөр шийдэхгүйгээр монгол үндэстэн өөрийгээ таньж, өөрийн үндэсний өвөрмөц онцлог амин шалгуураа сэргээн, үндэсний дархлаа суулгаж, даяаршиж буй орчинтой хөл нийлүүлэн алхах орчин үеийн монголын нийгэм байгуулж чадахгүй болох нь тодорхой харагдаж байна.
“Миний бие тус Монгол ардын үндэсний хувьсгалд үнэнээс итгэн шүтэж өөрийн улсын тусгаар тогтнох явдал дор үнэнийг журамлан зүтгэж явсан” хэмээн Зүүнтэний төлөөлөл болох Монгол Улсын төрийн тэргүүн байсан Л.Лааган хэлсэн бол “Би Монголын ард түмэндээ хайртай, би Оросын ард түмэнд элэгтэй, харин улаантан, тэдний засагт дургүй. Учир нь тэд аливаа том гүрний нэгэн адил Монгол улсыг эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна” хэмээн баруунтаны гол төлөөлөл болсон Монгол Улсын төрийн тэргүүн байсан А.Амар бээр хэлж байжээ.
Эндээс үзвэл, баруунтан байна уу, зүүнтэн байна уу гэдгээс үл хамааран чи Монголын төлөө үнэнээсээ цохилох зүрхтэй л бол “хэлмэгдэл”-д өртөх ёстой гэсэн “хууль” үйлчилж байжээ. Ингээд хүн төрөлхтөний түүхэнд хар толбо суулгасан 1917 оны “Октябрийн хувьсгалын” 100 жилийн ойн жил, 1921 оны ардын хувьсгалын 96 жилийн ой, их хэлмэгдүүлэлтийн оргил болох 1937 оны 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулан дараах саналыг дэвшүүлэн тавьж байна.
Нэг. Хэлмэгдэл монгол үндэстэнийг бүхэлд нь тодорхой урт цаг хугацаанд хамарсан улс төрийн асуудал тул улс төрийн дүгнэлт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-аас өгөх нь зүйтэй хэмээн үзнэ.Үүнд Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн холбоо, Цагаатгалын комисс, Хүний эрхийн байгууллагууд, Эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран эл хэлмэгдлийн асуудалд улс төрийн дүгнэлт гаргуулах талаар төрд шахалт үзүүлэх хэрэгтэй байна.
Хоёр. Нэгэнт эл асуудлаар Монгол Улсын төрөөс улс төрийн шийдвэр гарсаны дараа уг асуудлыг аливаа улс төрийн намууд үндэсний эрх ашигт харшилсан хэлбэрээр тоглолт хийхийг хориглох нь зүйтэй.
Гурав. Нэгэнт монгол үндэстэний хувь заяатай холбогдол бүхий асуудал тул Монголын төрөөс тусгайлан мөнгө гаргаж, хэлмэгдлийн талаар баримтат болон уран сайханы кино хийж түмэн үед хоцроох нь хойч ирээдүйд сургамж болно.
Дөрөв. Улс төрийн талаар хэлмэгдүүлэлт гарахад гол шалтгаан болж нөлөөлсөн, нийгмийг ангичлан үзэх, аливаа асуудалд ангийн байр сууринаас хандах, нийгмийн болон хүний аливаа үзэгдлийг зөвхөн нэг өнцөгөөр харах, нэг үзэл сурталд таацуулах хандлага бий болгосон коммунист үзэл Карл Марксын үүсгэсэн, В.Лениний хөгжүүлсэн онол, И.Сталины хэрэгжүүлсэн ангийн тэмцлийн онол, улс төрийн үйл ажиллагаа \Гол зохион байгуулагч нь ЗХУКН-ын Төв Хороо, түүний УТТ, хэрэгжүүлэгч нь Коминтерн, Монголд МАХН\ хийгээд үүн лүгээ адил монголчуудыг дотор нь хуваан талцуулсан аливаа үзэл суртлыг Монгол улсад хориглох хууль гаргавал зохилтой.
Тав. Гэм зэмгүй олон мянган монголчуудыг хууль бусаар хэлмэгдүүлж, амь насыг нь бүрэлгэн, амьдралаар нь хохироосон ЗХУКН, түүний төлөөлөл И.Сталин, МАХН, түүний төлөөлөл Х.Чойбалсан нарын дарангуйлагчдын нүгэлийг цайруулах ямар ч үндэслэл байж таарахгүй.Учир нь эрдэнэт хүний амь наснаас илүү амжилт, хөгжил гэж байж таарахгүй.Бүр монгол үндэстэний оршихуйн үндсийг таслахад хүргэсэн гэм этгээдүүд хэмээн үзэх нь зүйд нийцнэ.Тиймээс он удаан жил төрийг зайдагнан нэг хүний дарангуйлал тогтоосон тэдэнд хөшөө дурсгал үйлдэх нь монгол үндэстэн эгээтэй л өөрийгөө доромжилсон хэрэг болно.
Зургаа. Төр хэлмэгдэгсдээс уучлал гуйсан нь төр монголын ард түмний өмнө буруу үйлдэл хийсэнээ хүлээн зөвшөөрч буй хэмээн үзэх учиртай.Нэгэнт төрөөс буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн учраас хэлмэгдэгсдэд нөхөх олговор олгох нь зүйн хэрэг.Гэвч 1998 онд батлагдсан хуулиар олгосон нэг сая төгрөг нь хэлмэгдсэн хүмүүсийн гомдлыг бүрэн барагдуулж чадаагүй, бөгөөд магадгүй тухайн цаг үеийн эдийн засгийн байдалд таацуулсан байж мэдэх тул эдүгээ монголын улсын төсөв их наядаар яригддаг байдалтай уялдуулан нөхөх олговорыг нэг удаа өсгөн нэмэгдүүлж олгох нь зүйд нийцнэ.
Долоо. Монгол хүн бол Монголын төрийн хамгийн чухаг дээд үнэт зүйлс мөн.Монголын төрийн бүхий л шийдвэр зөвхөн энэхүү үнэт зүйлст зориулагдсан байх учиртай.Монгол үндэстэний ой санамжаа сэргээж, үнэт зүйлсээ эрхэмлэх, үндэстний эв нэгдлийг хангах эрхэм дээдлэгч зүйлсийн талаар монголын төрөөс шаардагдах хөрөнгийг гар таталгүй гаргаж, дэс дараатай бодлого явуулж, үндэстэний дархлааг нэн даруй бэхжүүлэх шаардлагатай байна.
Эс тэгвээс агуу түүхтэй монгол үндэстэн мөхлийн ирмэгт байна шүү.