Оросын цэргийн удирдлага өөрийн улсын стратегийн зүүн чиглэлд өрнөж буй үйл явдал, олон улсын цэрэг улс-төрийн нөхцөл байдалтай уялдуулан зэвсэгт хүчнээ шинэ зэвсэг, техникээр хангах, бие бүрэлдэхүүнээ байлдааны дадлага туршлагатай болгох талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг бид харж байна.
Зэвсэгт хүчнээ бэхжүүлэх нэг арга хэмжээ бол хуучин ЗХУ-ын үед хаагдсан цэргийн арми, нэгтгэл, дивизийг сэргээн шинээр байгуулах явдал юм. Тухайлбал 2014 онд танкийн 1 дүгээр армийг сэргээн байгуулж, ажиллагаанд оруулж байсан ба энэ талаар миний бие материал бэлтгэн энд оруулж байв.
Тэгвэл ийм арга хэмжээ үргэлжилж байгааг нотолсон тохиолдол сая боллоо. Оросын Агаар-сансарын цэргийн хүчний бүрэлдэхүүнд нисэхийн 21 дүгээр холимог дивизийг сэргээн байгуулж, ажиллагаанд оруулсан байна.
Шинээр байгуулагдсан нисэхийн 21 дүгээр дивизийн бүрэлдэхүүнд багтаж буй 712 болон 764 дүгээр хороодын зэвсэглэлд хэт өндөрт, цаг агаарын ямарч нөхцөлд нислэг үйлдэх боломжтой “МиГ-31БМ” загварын амдан сөнөөгч онгоцнууд багтаж байгаа ба үндсэн бааз нь Красноярск мужийн Канск дахь аэродром болон Пермь дэхь Том Савино аэродромд байрлаж байна.
Нисэхийн 21 дүгээр хорооны 3 дахь хорооны зэвсэглэлд “Су-34” загварын олон зориулалтын сөнөөгч-бөмбөгдөгч онгоц багтаж байгаа ба Челябинск хотын ойролцоох Шагол баазад байрлаж байна.
Өмнө нь оросын нисэх хүчний түүхэнд фронтын бөмбөгдөгч, амдан сөнөөгч онгоцны холимог анги байсан тохиолдол ховор тул тун содон үйл ажиллагаа болж байгаа юм.
Гэхдээ ийм дивиз байгуулах болсон шалтгаан нөхцөлийг Сири Улсад явагдсан нисэх хүчний үйл ажиллагаатай холбоотой хэмээн бодож байна. Манай цэргийнхэн оросын орчин үеийн байлдааны туршлага, сургамжийг сайтар судлах ёстой.