Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг октан нь заасан хэмжээндээ хүрдэггүй, стандартын шаардлага хангаагүй бензин, дизель түлшийг хэрэглэгчдэд дутуу шахаж хүргэдэг хэмээн хэрэглэгчид ихээхэн ундууцаж байдаг. Энэ талаар Шатахуун хэрэглэгчдийн холбоо удаа дараа мэдээлэл тарааж олон нийтэд хүргэснээр хуулийн байгууллага шатахуун импортлогчдыг шалгаж, хэрэг нээлээ.
Хэрэглэгч олон нийт шатахууны үнийг бууруулахын тулд импортлогч компаниудтай тэмцэж Төрийн ордны гадаа дуут дохиогоо хангинуулж хэдэн өдөр гороолсон. Тиймдээ ч компаниудад хууль бус үйлдэл байгаа эсэхийг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Мэргэжлийн хяналтын байгууллага хамтран шалгаж эхэлсэн байна.
Энэхүү шалгалтын хүрээнд Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Алтан оршихуй групп” хамрагдсан байна. Компанийн үйлдвэрт нэгжлэг хийж, үйл ажиллагааг шалгахад дизель түлш гарган авахад ашигладаг химийн хорт, аюултай бодисыг хадгалах, ашиглах зориулалтын бус нөхцөлд зөвшөөрөлгүйгээр их хэмжээгээр хадгалж байсныг илрүүлжээ.
Мэргэжлийн хяналтын байгууллага тухайн орчин болон химийн бодисоос дээж авч, шинжлэхээр болсон бөгөөд үйл ажиллагааг зогсоон битүүмжилж, нарийвчлан шалгахаар боллоо. Энэхүү бодис нь зориулалтын бус хадгалалт, хамгаалалтын улмаас ойр орчимд аюул учруулах магадлалтай.
Тус компани нь 2013 оноос ашигласан шатах, тослох материалыг дахин боловсруулж дизель түлш үйлдвэрлэж эхэлжээ. Мөн хүнд даацын машин, механизмын ашиглагдсан тос маслыг химийн хорт бодистой урвалд оруулж , “Евро-4” стандартын дизель түлш үйлдвэрлэдэг байжээ. Энэхүү дахин боловсруулсан дизель түлш нь Монгол улсад мөрдөгддөг стандартын шаардлагыг хангадаггүй болохыг мэргэжлийн хяналтын байгууллагынхан хэллээ.