“1968 оны долоодугаар сарын сүүлээр “Цагаан суварга”-ын ордыг Япончуудад танилцуулахад Цэдэнбал дарга надад хоёр зүйл захисан юм. Нэгдүгээрт нэрийг нь битгий хэл, хоёрдугаарт хаана гэдгийг нь хэлээд хэрэггүй гэсэн. Би ч даргын хэлсэн ёсоор танилцууллаа. Их л аятайхан танилцуулга болсон. Тэгээд бараг сарын дараа намайг Пэлжээ гуай дуудаж байна. Яваад очтол Цэдэнбал дарга Брежневтэй уулзахаар явлаа гэв. Ямар шалтгаантайг нь үнэхээр мэдээгүй. Бас ганцхан комиссартайгаа явсныг бодоход их л чухал асуудал юм шиг надад санагдлаа. Удаа ч үгүй дарга ирлээ. Их баяртай ирсэн. Нөгөө нэрийг нь хэлээд хэрэггүй гэсэн “Цагаан суварга”-ын ордын талаарх мэдээлэл Японы сонинд гарчхаж. Түүнийг нь Зөвлөлтийхэн Эрдэнэт гээд бодчихож л дээ. Угаас нэр нь дурдагдаагүй болохоор тэгж бодох нь гарцаагүй. Тэгээд манайхыг эрдэнэтээ Япончуудтай нийлж ашиглах нь гэж сандарсандаа Брежнев яаралтай уулзъя гэсэн нь энэ юм билээ. Сигнал авсан Зөвлөлтийхэн ч яаралтай ажилдаа орж, Эрдэнэт гэдэг их айл үндсэндээ тавхан жилийн дотор сүндэрлэн боссон доо. Ю.Цэдэнбал даргын ухаан айхавтар байгаа биз. Нэг биш, хоёр биш, нэлээд хэдэн нүүдлийн цаадахыг харж, Эрдэнэтийг шуурхай барьж байгуулсны ачаар өнөөдөр ч бид энэ том үйлдвэрийнхээ буяныг эдэлж байна, цаашид ч эдэлнэ. Хүнд хэцүү үед Эрдэнэт л биднийг тэжээж байлаа шүү дээ.
Чойжингийн ХУРЦ (МУ-ын Хөдөлмөрийн баатар, Геологи, Уул уурхайн Үйлдвэрийн сайд асан)