Засгийн газрын үйл ажиллагаа хувь хүнийхээ хувьд дэмжээд л байдаг. Гэтэл хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг нь харахаар үнэхээр дургүй хүртэх юм. Тэд жирэмсэн эх болох 0-5 насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт байлгахаар төлөвлөсөн тухай мэдэгдлээ. Энэ хүрээнд даатгуулагч эхийг хүүхдийнх нь хамтаар сувилалд/агаарт/ тав хоног үнэ төлбөргүй сувилах юм гэнэ. Үүнийхээ төлбөрт ойролцоогоор найман тэрбум төгрөг төсөвлөх юм байна. Мэдээж энэ мөнгө татвар төлөгчдийн халааснаас гарч таарна.
Ингээд агаарт гарч асруулах эх, нярайг агаарын бохирдол ихтэй бүсээс сонгох аж. Урьдчилсан судалгаагаар 10 мянга гаруй жирэмсэн эх, 35 мянга орчим эх, нярай байгаа гэж мэдэгджээ. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад эдгээр эх, нярайг яаралтай цэвэр агаарт гаргах нь зөв юм.
Гэвч тав хоног амарч, асруулж байгаад ирээд яах вэ. Дахиад л утаанд хордох уу. Үүнийг манай дээдсүүд бодож үзээгүй гэж үү. Эсвэл өөрсдийнхөө хамаарал бүхий амралт, сувиллын газрыг төсвийн мөнгөөр угжих санаатай байна уу. Ер нь утаа, агаарын бохирдол их байх тусам мөнгө олох арга нэмэгддэг гэдэг. Гэвч тав хоног амраах нэрээр найман тэрбумыг идэх санаачлага үнэхээр таалагдахгүй байна шүү. Түүнийхээ оронд 35 мянган өрхдөө агаар цэвэршүүлж, хор утааг шүүгч төхөөрөмж аваад өгчих л дөө.
Судалгаагаар дотор орчны агаарын бохирдол хүүхдэд илүү нөлөөлж байна гэж дүгнэсэн байдаг. Тэгэхээр тав хоног амарч, сувилуулж байгаад ирсэн эх хүүхэд буцаад л бохирдолтой агаараар амьсгалах уу, эсвэл ядаж гэртээ байхдаа цэвэршүүлсэн, хорт утааг шүүсэн агаараар амьсгалах уу гэдэг асуудал гарч ирж байна. Тэгээд ч нэг ээжийг тав хоног 300-аад мянган төгрөг сувилж байхаар утааны улирал дуустал нэг гэр бүлийг бохирдлоос хамгаалах нь илүү чухал, илүү үр дүнтэй мэт мунхаг надад санагдана.