/Болсон явдлаас сэдэвлэв/ … Өнгөрөгч жилийн долдугаар
сард найзтайгаа ээжийнх нь машиныг аваад \”хот” орохоор замд гарсан юм. Замдаа
сайн, муу олон л зүйлтэй таарч, хөглөж явсаар ирлээ. Ирэх замдаа найзынхаа
ээжийн машиныг нэлээд сэвтэйчихэв. Дуу цахилгаантай аадар бороо орж байсан
учраас, замын энхэл донхол, үзэгдэх орчин муу байсан тул эсэн мэнд ирсэндээ л
бид хоёр баярлаж байв. Хотод ирмэгцээ автомашины засварын төлбөрийг хувааж
төлөхөөр боллоо. Замд жолоогоо ээлжлэн барьж байсан болохоор хэн хэнийгээ
буруутгах вэ дээ.
Гэтэл хэд хоногийн дараа найзын ээж утас цохиж, ихэд
ууртайгаар ярьж байна. Түүний ярианаас би автомашиныг нь эвдэж орхиод хотод
ирмэгцээ утсаа салгаад зугтсан болж таарав. Учрыг нь тодруултал, манай хүн
өөрийнхөө нэрийг цэвэрхэн авч үлдээд намайгаа золигт гаргаж орхижээ. Би гэдэг
хүн яаж ч тайлбарлаад тусыг эс олсон бөгөөд шүүх, цагдаа дээрээ тулах нь тэр.
Нэгэнтээ би тэр өдөр автомашин дотор байсан нь үнэн, жолооны ард суусан нь
үнэн. Тийм учраас засварын төлбөрийг хүнээс зээлж, найзын ээж рүү шилжүүлж,
өөрөө өрөнд унах нь тэр.
Уг нь би хот руу замын унаа юм уу, хот хоорондын тээвэрт
суугаад явчихъя гэж бодож байсан юм. Гэвч унаа явахад цаг оройтсон байлаа. Энэ
үед найз \”Хамт явъя. Гэхдээ ээжийн машиныг аваад чиний зардлаар шатахуун
хийгээд явчихъя” гэж шордсоор байгаад зөвшөөрүүлсэн юм. Үүнээс болоод л муу нэр
зүүж, эцэст нь төлбөр тооцоонд орчихлоо.
Гялгар машин
байсныг хэлэх үү, \”зам засч байна” гээд хаачихсан шороон замаар туучуулсныг
хэлэх үү, бороо хувингаар асгаж буй мэт цутгаж байсныг хэлэх үү. Харин энэ
бүгдийн буруутан нь би болж, найз гуай ярьсан хэлснээ умартан ээжийнхээ өмнө \”цагаан
тагтаа” болон жүжиглэсэн явдал болсон. Хөгтэй ч гэх үү, сургамжтай ч гэх үү. Энэ
явдлаас хойш хашир сууж, муу найзаас зайгаа барихаар шийдсэн юмдаг.
Тэгвэл манай улсад яг дээрхтэй адил нэгэн үйл явдал
болоод байгаа та бүхэн анзаарч байна уу. 25 жилийн хамтдаа тэмцэл хийж, төрийн
эрхийг авцгаасан. Үүний дараа идсэн, уусан, завшсан, задарсан. Бүгд л ижил. Нөгөө
албан тушаалын \”бялуу хуваалт”-ыг бүгд л тэнцүү хийцгээсэн. Гэсэн атлаа нэг хүн
нь бусдаас цэвэрхэн үлдэхээр тэмүүлэх боллоо. Улмаар бусдыгаа иддэг, уудаг,
хууль зөрчдөг, авлигач энэ тэрээр нь олны өмнө дуудаж, зандчих болж. Хамтдаа
замд гарч, хамтдаа хариуцлагаа хүлээх тухай ярьж байсан \”муу найз”-тай минь тун
адил аашилж байгаа биз. Эрх мэдэл, эд ямбад ханасан нэгэн бусдыгаа бухаж орхиод
өөрөө \”уснаас цэвэр гарах” гэсэн оролдлого ч байж мэдэх юм гэх дүгнэлтүүдийг
улс төрийн хүрээнийхэн хийх боллоо.
Харин үүнийг ард түмэн сайн ойлгохгүй л байх шиг. Яг л \”ээж
шиг”. Хэн сайн ярина түүнд итгэнэ. Хамгийн гол буруутан нь байсан ч түүний зөв болно. Бусад нь тэгш хэмтэйгээр
буруудаж үлдэнэ. Буруутгагдах зүйл хийцгээсэн нь үнэн. Гэхдээ хариуцлагаа
хамтдаа л хүлээх ёстой. Арвантаван толгойтой атгаалжин хар мангасыг дарсан \”баатар”-ын
дүрээр жүжиг тавих хэрэггүй. Ард түмэн мунхаг ч \”үлгэрт итгэдэг” цаг өнгөрсөн.
Амар