Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Улаанбаатар төмөр замын харьяа ачааны галт тэрэг осолдон, тээвэрлэж явсан газрын тосны бүтээгдэхүүн асгарч байгальд ихээхэн хохирол учруулаад байгаа.
Түлш асгарсан газарт мэргэжлийн байгууллагууд ажиллаж, байгаль орчны бохирдлыг багасгах шаардлагатай анхан шатны арга хэмжээг авч, саармагжуулах, хөрсийг хуулжээ. Орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллага хамтран байгаль орчны нөлөөллийн хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээхээр ажиллаж байна. Энэ осол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас 207 км, Орхонтуул сумын Рашаант багаас 3 км, Орхон голоос 5 орчим километрийн зайтай Бүрдийн хөтөл гэх газарт гарсан юм.
Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын хоёр мэргэжилтэн, МХГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Улаанбаатар төмөр замын харьяа хөдөлмөр аюулгүй байдлын нэгдсэн лабораториос сорьц авагч, ОБГ-ын ажилтан албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шатахуун асгарсан хэсгийн талбайг нарийвчлан тогтоож, гурван хэсэгт хөрс, шар усны үер, борооны улмаас тогтсон намгийн уснаас дээж авчээ.
Нийт 9 вагон замаас гарч унаснаас 7 нь түлш, шатахуун тээвэрлэсэн байж. Хоёрынх нь түлш таллаж асгарч, вагон савны ёроол цоорсноос шатахуун бүрэн асгарчээ. Гэмтсэн вагонуудаас 277,8 тонн шатахууныг зориулалтын тээвэрлэгч машинаар соруулж авсан бөгөөд нарийвчилсан хэмжилтээр 150,5 тонн шатахуун хөрсөнд асгарч, 29976 м2 буюу 2.99 га талбай хамарсныг тогтоожээ.
Байгаль орчны шинжилгээний лабораторийн сорилын дүнгээр шар усны эргээс авсан дээжээс нефтийн бүтээгдэхүүн 0.007 мг/л, эргээс 30-40 метрийн зайнаас авсан дээжээс 0.017 мг/л нефтийн бүтээгдэхүүн илэрснийг БОАЖЯ мэдээлэв.
Хөрсний шинжилгээг 10-70 см гүнд дөрвөн үечлэлээр хийснээс стандарт хэмжээнээс хамгийн их давсан бохирдол нь 50 см гүнд тогтоогджээ. Тус газрын ургамлын хэв шинжийн хувьд үетэн-алаг өвст, голын хөндий, малын бэлчээр бүхий хөнгөн хүрэн хөрстэй.
Ажлын хэсгийнхэн тухайн газрын түлш асгарсан талбайг саармагжуулах, нефтийн бүтээгдэхүүн борооны тогтоол ус, намагт илэрсэн учир тунамал шүүх далан 2-3 давхар татах, ус, хөрсний дээж авах мониторингийн цэг тогтоох , бохирдсон газруудыг хашиж, нөхөн сэргээх, нарийн мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд үүссэн, нөлөөлөл хохирлын үнэлгээг тогтоолгоно. Цаашид хөрсний бохирдлыг багасгах, саармагжуулах, хуулсан хэсгийг нөхөн сэргээх, шаардлагатай арга хэмжээг авах аж.