Баян-Өлгий аймгийн Музейд казахын ард түмний өвөрмөц хийцтэй “хобыз” буюу хуур хөгжим хадгалагдаж байна.
Музейн үзмэрийн “ховор” ангилалд багтдаг тус хөгжмийн толгой хэсэг нь хийл хөгжмийнх шиг хэлбэртэй, 4 чихтэй, 4 чавхдастай. Нүүрэн талын дөрвөлжин хэсгийг могойн арьсаар бүрсэн байна. 1960 онд хүртэл ашиглаж байсан уг хобыз хөгжмийг Баяннуур сумын иргэдээс худалдан авч музейд хадгалуулжээ.
Уламжлал ёсоор хобыз хөгжмийн их биеийг битүү модыг ухаж, шанага хэлбэртэй хийдэг. Их биеийн доод хэсгийг хонь, ямааны арьсаар бүрдэг. Үүнийг “хөн тери” буюу хатаасан арьс хэмээн нэрлэнэ. Харин дээрх хобызд могойн арьсыг ашигласан нь бусад газарт ашигладаг ижил төрлийн хөгжмийн зэмсгүүдээс ялгаатай байна. Могойн арьсны нимгэн, бат бөх чанар нь хөгжмийн дуугаралтад сайнаар нөлөөлнө хэмээн сонгосон байж магадгүй гэдгийг судлаачид хэлж байна.
Хобыз нь чавхдаст уянгат хөгжмийн зэмсгийн ангилалд багтана. Гарал үүслийн хувьд маш эртний хэмээн үздэг. Дорнын домгуудад хобыз хөгжим анх бий болсон түүхийг X зууны сүүлч, XI зууны эхэн үед амьдарч байсан түрэг угсаатнуудын суут ухаантан, туульч, хөгжимчин Хорхыттай холбон тайлбарладаг.
Домогт дурдсанаар Хорхыт өвөө үхлээс зугтаж ертөнцийн дөрвөн зүгээр аялдаг.
Гэвч очсон газартаа булш ухаж буй хүмүүстэй тааралдсан бөгөөд тэд үүнийг “Хорхытад зориулж ухаж байна” хэмээн хэлдэг ажээ. Хорхыт цэст нь мөнх амьдрал гэж үгүй, урлагийн бүтээл л мөнхөрч үлдэнэ хэмээн дүгнэж, Сырдария мөрний эрэг дээр ирж хобыз хөгжмийг бүтээсэн гэлцдэг.