2016 онд “Монголиан коппер корпорейшн” ХХК “Эрдэнэт” үйлдвэр, Монголросцветметийн 49 хувийг 400 сая ам.доллараар сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авсан.
Энэ тухай Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг парламентын сонгуулийн өмнөхөн Төрийн ордонд хэвлэлийн хурал хийн мэдэгдсэн юм.
Дээрх хоёр үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд хүчээр шилжүүлсэн, “Монголиан коппер корпорэйшн”-ий эрх ашгийг зөрчлөө хэмээн шүүхэд хандаж, энэ маргааныг өнөөг хүртэл эцэслээгүй байна.
“Монголын зэс корпорац” “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахын тулд гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая америк долларыг зээлээд шилжүүлжээ. Ямар компаниудаас 400 сая америк долларыг ирээдүйн орлого болон 49 хувиа барьцаалан зээлсэн гэвэл:
-
“Кью Эс Си” гэж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээгээр эзэмшдэг компаниас 62.9 сая доллар,
-
“Рийвэрстон пропертис” компаниас 70.0 сая доллар,
-
“Юнайтед энержи систем” компаниас 70.0 сая америк доллар,
-
“Канетик” компаниас 68 сая америк доллар авчээ.
2016 ОНЫ, ГЭНЭТИЙН ХУДАЛДАН АВАЛТААС ХОЙШ ЮУ БОЛСОН БЭ?
2016.06.20 Үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Ростех”-ээс -ны өдөр худалдан авсан.
2016.06.29 УИХ-ын сонгууль болов.
2016 он “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс корпораци” ХХК худалдан авсан асуудлыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар Ш.Раднаасэд, ажлын хэсгийн гишүүнээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг томилов.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг гуравдагч этгээдэд худалдсан нь Үндсэн хууль, Банкны тухай хууль, Компанийн тухай хууль зэрэг хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг дүгнэлтийг ажлын хэсэг гаргажээ. Мөн үүнтэй холбогдуулан Эрдэнэтийн 49 хувийг төрд буцааж авах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг гаргасан.
2016-10-25 Төрийн ордонд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ Засгийн газар яагаад татгалзсан талаар хэлэлцэв. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэтийг алдах эрсдэл байсан тул харин ч би олж авчирсан. Сонгуулийн сурталчилгаа нэгэнт эхэлчихсэн байсан тул Засгийн газрын хуралдааныг хаалттай хийсэн. Тус хуралдаанаар УИХ-ын намрын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх шийдвэрийг гаргасан гэжээ.
ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон “Бид Казахстаны талаас өрсөж 49 хувийг худалдан авсан” гэв.
2017.03.29 Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай” асуудлыг хэлэлцэв.
“Монголиан коппер корпорейшн” компани Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эсрэг, Үндсэн хууль, Компанийн тухай хууль, Иргэний хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2017.06.19 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэлэлцсэн юм. Даргалагч шүүгчээр М.Батзориг ажиллажээ.
2017.02 УИХ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттйай холбоотой тогтоол гарган, “Монгол зэс” корпорацтай хэлцэл хийхийг Засгийн газарт даалгав.
2017.07.04 УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх явцдаа Засгийн газар болон харьяа агентлагууд хууль зөрчсөн гэж шүүх үзэв.
2019.03 ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалтын схемийг танилцуулж, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийг мөн энэ схемээр худалдан авчээ гэв.
2019.03.05 Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг байцаасны дараа саатуулав.
Харин 15.10 цагийн үед “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Мөнхбаатар Эрүүгийн цагдаагийн албанд гэрчээр мэдүүлэг өгөхөөр ирсэн юм.
2019 “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ОХУ-аас худалдаж авсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь төрийн мэдэлд шилжив.
2023.11.20 УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал ““Эрдэнэт” үйлдвэр манай ДНБ-ий 6 хувийг дангаараа бүрдүүлдэг. Нийт экспортын 9.4 хувийг эзэлдэг. Энэ үйлдвэр Монгол Улсыг 40 жил тэжээсэн, дахин 70 ажиллах нөөцтэй. Аудитын дүгнэлтээр энэ бүхний уршгаар улсад 1.2 их наяд төгрөгийн хохирол учирсан. Энэ нь Монгол Улсын хүүхэд бүрд нэг жилийн турш өгөх мөнгөтэй тэнцэнэ” гэв.
2023.11.21 Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цeмeнт шохой” үйлдвэрийг төрийн өмчөөс хувийн компанид шилжүүлсэн асуудлыг Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэв.