Африк тивийн улс орнуудын удирдагчдаас хамгийн боловсрол муутай 10 Ерөнхийлөгчийг нэрлэжээ. Ашигт малтмалын арвин нөөцтэй ч хөгжлөөрөө хойгуур эрэмбэлэгддэг тус тивийн ихэнх улс орон ядуу, буурай ч дээрх жагсаалтад нэрлэсэн хүмүүсийн удирдсан орны байдал бүр ч хэцүү болох нь харагдаж буй. Тус тивд олон жил ноёрхсон боолчлол, хүн амын боловсролын түвшний доогуур үзүүлэлт зэрэг нь Африкийн хөгжлийг арагш татах суурь шалтгаан болж байж мэдэх ч улс орнуудынх нь төр, засгийн алдаатай бодлогын улмаас л иргэд нь ядуу амьдарч буй. Үнэндээ Африкийн улс орнуудын удирдагчдын олонх нь тэгтлээ өндөр боловсрол эзэмшээгүй гэгддэг ч энд дурдах хүмүүсийн зарим нь дунд сургууль ч төгсөөгүй нь эмгэнэлтэй. Тэр тусмаа дээр дурдсан хүмүүсийн удирдаж буй улс орнууд дэлхийд хөгжлөөрөө хамгийн араар жагсаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс орон нь хөгжилтэй, ард түмэн нь жаргалтай байх, эсэх нь удирдагчдын боловсролын түвшинтэй шууд хамааралтай байдаг аж.
Уг жагсаалтын нэгдүгээрт буюу хамгийн муу боловсролтой удирдагчаар Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакоб Зумаг нэрлэсэн байна. Тэрбээр бараг хүүхэд ахуйгаасаа улс төрийн элдэв үйл ажиллагаанд оролцож явсаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн нэгэн. Харамсалтай нь 2009 онд түүнийг Төрийн тэргүүн болсноос хойш \”боловсролгүй” гэсэн тодотгол Африкт төдийгүй олон улсад байнга дагалдаж буй бөгөөд сүүлийн жилүүдэд тус улсын хөгжилд дорвитой ахиц гарахгүй байгаа.
Түүний араас бичигдэж буй Өмнөд Суданы Ерөнхийлөгч Сальва Кийр Маяадит улс оронд нь өрнөсөн дайн самууны улмаас сургуульд сурч чадаагүй гэдэг. Сургууль завсардсанаар бослого, хөдөлгөөнд оролцож, эцэстээ тус улсын Ерөнхийлөгч болсон түүхтэй. Тэрбээр 2011 оноос тус улсыг удирдаж буй бөгөөд дэлхийн 188 орноос хөгжлөөрөө 181-т бичигдсэн нь өмнөх жилээс хоёр байр ухарсан үзүүлэлт аж.
Гуравдугаарт бичигдэж буй Исмаил Омар бол Жибути улсын Ерөнхийлөгч. Тэрбээр уламжлалт ислам сургуульд суралцаж, ахлах сургууль дүүргээд Засгийн газрын нууц цагдаагаар ажилласан нь Ерөнхийлөгч болох эхлэл болсон байна. 1999 оноос хойш тасралтгүй төрийн эрх барьсан түүний үед улсынх нь хөгжил ухарсаар 171 дүгээр байр руу гулссаар.
Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир дунд сургуулиа төгсөнгүүтээ армид алба хаах болсон байна. Цэрэг, армийн албан тушаалаар түвэггүйхэн тушаал дэвшсээр Ерөнхийлөгч болсон түүний удирдаж буй улсын хөгжил 165 дугаар байраас хөдлөөгүй удаж буй.
Айргийн тавд Алжирийн Ерөнхийлөгч Абделазиз Ботифлекаг нэрлэжээ. Тэрбээр гурван ч ахлах сургууль дамжин байж төгссөн ч дээд боловсрол эзэмшиж чадаагүй аж. Гэхдээ түүнийг сурлага сайтай байсныг ахлах сургуулийнхан нь хэлдэг. 1999 оноос буюу 20 орчим жил Ерөнхийлөгчөөр ажиллаж буй түүний удирддаг улс эл жагсаалтад хамаатай орнуудаас хамгийн өндөр буюу 83 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Түүний дараа нэрлэсэн Гамбийн Ерөнхийлөгч Абдул Азис улсдаа ахлах сургууль дүүргэж, хожим нь Сенегал, АНУ-д цэргийн сургалтад хамрагдсанаар өөрөөр боловсролоо дээшлүүлээгүй нэгэн. Түүний удирдаж буй улс хөгжлөөрөө 2015, 2016 онд дараалан 173 дугаарт бичигдэж буй.
2000 оноос хойш Руандагийн Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Пол Кагаме дүрвэгсдийн лагерт анхан шатны боловсрол эзэмшжээ. Хожим нь дээд сургуульд элсэн орсон ч ялгаварлан гадуурхалтын улмаас хаяж, дээд боловсрол эзэмшиж чадаагүй. Энэ нь түүнийг боловсролгүй Ерөнхийлөгч нарын жагсаалтын долдугаарт бичихэд хүргэж буй.
Мауритани улсын Ерөнхийлөгч Мохамед Оулд Абдел Азикд ахлах сургуулийн гэрчилгээ ч байхгүй. Харин эзэн хааны цэргийн академийг сайн төгссөн гэх мэдээлэл бий бөгөөд жагсаалтын наймдугаарт бичигджээ.
Эритрея улсын удирдагч Исайяс Афеверки ахлах сургуулиа амжилттай дүүргэсэн ч их сургуульд элсэн орж, нэг жил сураад гудамжны жагсаал, цуглааны \”гол дүр”-ээр тодорсон гэдэг. Жагсаалтын есдүгээрт бичигдэж буй энэ эрийн удирдаж буй улс хүний хөгжлийн индексээрээ хоёр байр ахиж 179-д жагсах болжээ.
Бүгд найрамдах Конг Улсын Ерөнхийлөгч Денис Сасу багшийн мэргэжлээр коллеж төгссөн ч түүнийг боловсрол муутай Ерөнхийлөгчөөр нэрлэжээ.
Ерөнхийлөгч нь дээд боловсрол эзэмшиж чадаагүй эдгээр улс орон хөгжлийн түвшин дорой, дайн самуун тасрахгүй байгааг анзаарсан биз ээ. Ийм улс орнуудад аз, эзээр боловсролгүй хүмүүс Ерөнхийлөгчөөр сонгогдож ирснийг олон улсын судлаачид тэмдэглэсэн байна.
Б.ОРГИЛ