Нас барсан нэгнээ ил задгай оршуулдаг эртний зан заншлын үлдэц Монголын өргөн уудам газар оронд мэр сэр хадгалагдаж байдаг. Хээр хөдөөд ил задгай оршуулсан шарилтай уулзаж, бүр тамхилан хууч хөөрсөн гэх Лхагваагийн нэгний ярьсан зүйл их л сонирхолтой санагдсан юм. Лхагваа Дундговь аймгийн наад талын суманд амьдардаг байжээ. Алдуул тэмээгээ хайж яваад талд баримжаа алдан төөрчихжээ. Тэнгэрийн хаяа зэрэглээнд тасарч нийлэн харагдаж, адууны хомоолыг хүртэл уул шиг болгож харуулах илбийн шидтэй билээ. Айсан хүнд аргал хөдөлдөг бол төөрсөн хүнд тэнгэрээс өөр хань үгүй мэт эзгүйрч цөхөрдөг аж. Лхагваа халуун наранд ангаж цанган, аргаа барахдаа шээсээ ууж амныхаа цангааг тайлж явжээ.
Аз тохиож хээр талын элчилгүүд хэн нэгэн хүн түүнийг дуудах шиг болсон байна. Эргэн тойрноо нэгжин харахад үнэхээр цагаан цамцтай хүн түүнээс холгүйхэн, хөлөө урагшаа жийгээд сууж байж. Хүний мөрөөс болж явсан түүнд буг чөтгөрийн тухай ямар ч юм бодогдсонгүй. Морио давиран очиход үнэхээр цагаан пүүсүү монгол цамцтай өвгөжөөр хар хүн түүний өөдөөс гайхсан байдалтай харж байв.
Хөлийнх нь хумс нэлээд урт ургаж, сайртай тавхайгаа Лхагваагийн яг өөдөөс харуулсан нь жигтэй санагдсан гэнэ. Морь нь тэр эзэнгүй талд гэнэт тааралдсан этгээд хүнээс үргэж, бусгаж аашилсан ч Лхагваа “Хайя, хүүе” гэж байж номхруулан дөрөөнөөс хөлөө мултлан буужээ. Тэр хүн битүү бүгт хоолойгоор “Эрлээ олсонгүй юу? Гурав хоногт энэ хавиар ямар ч мал амьтан харагдсангүй ш дээ” гэжээ. Лхагваад тамхинаас өөр зүйл байсангүй тул гаансаа нэрж хэд сайн сороод нөгөө хөл нүцгэн, малгай дээлгүй хүнтэй тамхилсан байна. Өвгөжөөр хар хүн ч түүний тамхийг сурмаг авч хэдхэн сорж дуусгаад хөлийнхөө эрхий хурууны урт шар хумсан дээр үнсийг нь цохиж унагаад тамхиных нь сав руу гар сарвайхад гарынх нь хумс ч савар шиг урт харагджээ.
Гэнэт Лхагваа “Энэ чинь хүн биш арай нөгөө чөт…” гэж бодсоноо ум хумгүй мордож зугтах гэсэн байна.
Нөгөө эр ч айсан байдалтай ‘Чи битгий яваач. Би ганцаараа үлдмээргүй байна. Дахиад тамхи татмаар байна” гэж гуйжээ. Лхагваа айж сандарсандаа хайрлаж гамнадаг хаш соруултай гаансаа ч орхин мориндоо ташуур өгөхөд ар талд нь бөмбөг дэлбэрэх шиг писхийсэн их чимээ гарчээ. Эргэж харвал нөгөө сууж байсан хүний хөөж дүүрсэн гэдэс ходоод нь зад үсрээд хагарсан бөмбөлөг шиг шалчийсан байжээ. Тэр газраас холдож хэдэн км давхихад түүний чихэнд “Намайг битгий орхиоч. Би ганцаар баймааргүй байна” гэсэн үг сонсогдсоор байсан гэдэг. Сонирхолтой нь ийм сүнс зайлмаар зүйлтэй таарсан ч Лхагваад ер муу болоогүй бөгөөд тийнхүү ухаан жолоогүй давхиж явах замд нь хайгаад олоогүй байсан зургаан тэмээ нь бут сөөг зулгаагаад зогсч байсан гэдэг. Тэр гаансыг муу гарын эд байсан байх гэж бодох болсноо ч Лхагваа эдүгээ нуугаагүй юм.
С.МӨНХ