Сар шинийн баярын өмнө өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгддэг хэдий ч махны үнийн энэхүү өсөлт нь сүүлийн таван жилийн дунджаас хэд дахин өссөн үзүүлэлт юм.
Тодруулбал, долоо хоногийн өсөлтөөс хоёр дахин их буюу 1000-1300 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 12.23% буюу 1067 төгрөгөөр,
Хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 11.75% буюу 1025 төгрөгөөр,
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.64% буюу 911 төгрөгөөр,
Үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 10.68% буюу 1322 төгрөгөөр,
Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 12.31% буюу 1000 төгрөгөөр,
Ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 13.99% буюу 1000 төгрөгөөр тус тус өсжээ.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Манай улсад стратегийн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй, үүсэх ямар ч үндэслэл байхгүй. Мах, сүү, төмс, луувангийн ч хомсдол үүсэхгүй. Учир нь улсын хэмжээнд одоо 9,000 гаруй тонн махыг нөөцлөх ажил эд өрнөж байна. Оны эхнээс л бид махны тайлан баталгаажуулалтыг хийсэн. Яг өнөөдрийн байдлаар 15 мянган тонн махны нөөц үйлдвэрүүд дээр хадгалагдаж байгааг дуулгамаар байна. Иймд дуулиан, шуугианаар хүнсээ ихээр нөөцлөх шаардлага байхгүй” гэж мэдэгдэж байсан юм.
Гэвч махны үнэ түүний хэлсэн шиг тогтвортой байж чадсангүй.
Одоо яах вэ. Иргэд халдварт өвчнөөс яаж сэргийлэх вэ гэж сандарч байх хооронд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ мэдэгдэхүйц, амьдралд тодорхой нөлөө үзүүлэхүйц өөрчлөлт ороод эхэллээ. Уг нь энэ асуудлыг салбарын сайд толгойгоороо хариуцах учиртай. Тэгэхээр толгойгоо өгөхгүйн тулд өссөн үнийг буулгах ажлаа л хиймээр байна даа.