Ерөнхий боловсролын сургалтын тогтолцоонд кредит системийг нэвтрүүлэхээр судалж буйг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Ингэснээр ямар өөрчлөлт гарах талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир тайлбарлалаа.
Тэрээр “Монгол хэл, бичгийг судлах цагийг багасгах, сургалтын хөтөлбөрөөс хасах тухай асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. 2019 онд сургалтын төлөвлөгөөг шинэчлэн баталсан. Уг төлөвлөгөөний дагуу дээрх хичээлийн цагууд хэвээрээ байгаа. Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөөнд сонгон судлах хичээлийг түлхүү оруулсан. Кредит систем нь сургалтын хөтөлбөрийн талаарх уламжлалт ойлголтыг өөрчилж, сонголт хийх тогтолцоог дэмждэг. Хичээлүүдийн агуулгын багтаамжийг нэгжээр үнэлж, жиших шаардлагын үндсэн дээр дэлхий нийтэд эртнээс нэвтэрсэн үнэлгээний систем.
Жишээлбэл, одоогийн сургалтын төлөвлөгөөгөөр арванхоёрдугаар ангийн сурагч гурав хүртэлх хичээлийг сонгон судалж байна. Нэгдүгээрт сонгосон хичээлийг найман цагаар, хоёр дахийг зургаан цагаар, гуравдугаарт сонгосон хичээлээ дөрвөн цагаар долоо хоногт тус тус илүү судалдаг.
Сургалтын хөтөлбөрийн дагуу Монголын түүхийн хичээл заавал судлах хичээлд орж буй. Хэрэв энэ хичээлийг сурагч нэгдүгээр сонгон судлах хичээлээрээ мөн сонговол нэмж найман цагаар судлах юм. Өөрөөр хэлбэл, бусдаасаа илүү гүнзгийрүүлж үзнэ гэсэн үг.
Монголын түүхээ ингэж өндөр түвшинд судлаад их, дээд сургуульд элсэн орохдоо ялгаатай түвшинд судалсан хүүхдүүдтэй нэг ангид орж таарна. Тэгэхээр сайн судалсан хүүхдэд нэг л түвшний агуулгаар хичээл орсноос илүүтэйгээр хүрсэн түвшнээс нь ахиулж сургах хэрэгцээ шаардлага үүснэ.
Иймд сургалтын хөтөлбөрийг аль болох уян хатан сонголттойгоор хөгжүүлэх шаардлага бий” гэв.