Хүн хоорондоо ярилцахад 1.5-2 метрийн зайнд шүлс үсэрч, 3-15 минутанд шүлсний дусал агаарт тогтон, хаалганы бариул, шал зэрэг гадаргууд наалддаг гэсэн судалгаа байдаг. Өнөөдрөөс эхлэн манай улсад 34 чиглэлийн байгууллага үйл ажиллагаагаа эхэлж байна. Иргэд ажил дээрээ төдийгүй шаардлагатай тохиолдолд гэртээ ч амны хаалт зүүхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Коронавируст цар тахлын эсрэг явуулж буй улс орнуудын туршлагаас ЭМЯ-наас танилцуулж байгаа. Энэ удаад бэлтгэх, бууруулах, хязгаарлах, мөн хөл хорио тогтоох зэрэг дөрвөн, үр дүнтэй, голомтын хариу арга хэмжээ авсан Шинэ Зеланд улсын туршлагыг онцолсон юм.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Тандалт судалгаа шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэхдээ, “Манай улсын одоогийн нөхцөл байдал хязгаарлалтын үе шаттай нь тохирч байна. Энэ үед Шинэ Зеланд улс гэр бүл, хувь хүнд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тодруулбал, гэр бүлийн гишүүд дунд ханиах, найтаах, өвчний шинж тэмдэггүй тохиолдолд л гэртээ амны хаалтгүй байх зарчмыг хэрэгжүүлсэн” хэмээн дурдав.
НҮБ-ын мэдээлснээр дэлхий дахинд коронавирусний батлагдсан тохиолдол 70,4 сая болж, 1.5 сая хүн эндэж, 50.8 сая хүн эдгэрээд байна. Харин манай улсын хувьд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 5 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 912 болсон.
Түргэн оношилгооны цэгт 387 697 хүн коронавирус илрүүлэх шинжилгээ өгсөн. ЗӨСҮТ-ийн Сэлэнгэ аймагт ажиллаж буй хариу арга хэмжээний баг халдварын голомтын 24 обьектын 10 850 шоо метр талбайд халдваргүйтгэл хийсэн байна.
Тусгай дугаарын долоон утсанд сүүлийн 24 цагийн хугацаанд 8208 хүн, ЭМЯ-ны 323002 утсанд 152 хүн холбогдож, зөвлөгөө зөвлөмж авчээ.