Далай тэнгисийн ёроолоос олборлосон ашигт малтмалын хэрэглээг зогсоох тухай Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) санаачилгыг олон улсын компаниудаас хамгийн түрүүнд BMW, Volvo болон Google компани дэмжжээ.
Тэд далайн тэнгисийн ёроолоос олборлосон металлыг авахгүй байх, нийлүүлэлтийн сүлжээнээсээ хасах, мөн ийм хайгуул, олборлолт хийдэг компаниудын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй байх үүргийг хүлээсэн байна.
Далайн тэнгисийн ёроолд хайгуул, олборлолт хийх нь байгаль орчинд ноцтой хохирол учруулж болзошгүй гэж “Deep Sea Mining Campaign” олон улсын байгаль хамгаалах сан өмнө нь гаргасан тайландаа дурджээ. Тайланд янз бүрийн орны 250 гаруй эрдэмтдийн судалгааг нэгтгэсэн байна.
Уг тайланд Номхон далай дахь гүний олборлолтын нөлөөллийг үнэлж, энэ бүс нутагт урьдчилан таамаглах боломжгүй эрсдэл учирч болзошгүйг анхааруулжээ. Тус сангийн урьдчилсан тооцоогоор, олборлолтын ганц талбай нь 800 метр хавтгай дөрвөлжин талбайд далайн ёроолын бүх амьтныг устгах аж.
Өмнө нь Далайн ёроолоос батерейд ашиглах металл олборлох нь уламжлалт уул уурхайгаас илүү ч байх магадлалтай судалгаа гарчээ. Судалгааг Канадын “DeepGreen Metals” компанийн санхүүжилтээр өнгөрсөн онд хийсэн байна. Далайн ёроолоос металл олборлох нь газрын гадаргуугийн олборлолттой харьцуулахад байгаль орчин төдийгүй нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой гэж судалгааг хийсэн мэргэжилтнүүд үзсэн байна.
Гэвч эрдэмтэн судлаачид асар их даралтын доор, эргэн сэргэхдээ маш удаан, далайн ёроол дахь эмзэг эко-системийг муутгахаас болгоомжилж байгаагаас гадна, нийт далай тэнгисийн орчинд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байгаа юм.