Одоогоос 5 жилийн өмнө Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн санаачилга, сүсэгтэн олны өргөл хандиваар одоогийн Ганданпунцагчойлин хийд сүндэрлэн боссон билээ. Ингэснээр Ховд нутгийн зон олон бурхан номдоо сүслэн залбирах, шашин номынхоо үйл ажиллагааг нэг дороос авах боломжтой босноороо онцлогтой. Нөгөөтэйгээр монголчуудын соёлын өвийг хадгалан хойч үедээ уламжлуулахаас эхлээд аймаг орон нутгийн бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмрийг оруулсан гэж хэлж болно. Тэгвэл намрын тэргүүн сарын Балжинням Дашням давхацсан билэгт сайн өдөр Насан хутаг буян заяаг дэлгэрүүлэх шүтээн 1080 Цэнд-аюуш бурхан аравнайлах ёслолыг тус хийд дээр зохион байгууллаа. 1080 Цэнд-Аюуш бурханыг амилуулах ёслолын үйл ажиллагаанд Аймаг орон нутгийн удирдлагууд, Хөгжлийн төлөө сангийн тэргүүн, тэргүүлэгчид, Нарбанчин хувилгааны 7 дахь дүр, Эрдэнэзуу хийдийн лам хуврагууд, Ховд аймгийн сүсэгтэн олон оролцов.
1080 Цэнд-Аюуш бурханыг бүтээснээр бурхад сахиус газар усны эзэп баясах бөгөөд хур бороо цагтаа бууж ард түмний нас буяны зэтгэр саад амирлаж буян заяа тэгшрэх хойч үедээ шашин соёлын үнэт өв шинээр бий болгож өвлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм байна. Баруун бүсийн Ганданпунцагчойлин хийд 2010 оны 8-р сард байгуулагдан буян номын үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 5 жилийнхээ ойн хүрээнд сүсэгтэн түмэнтэйгээ хамтран насны хутаг буян заяаг дэлгэрүүлэх шүтээн 1080 Цэнд-аюуш бурхан аравнайлах төслийг амжилттай хэргэжүүллээ. Төслийн хүрээнд 1080 Цэнд-Аюуш бурханыг бүтээсэн бөгөөд уг бурханаа Аравнайлах өөрөөр хэлбэл амилуулах шашны зан үйлийг үйлдлээ.
Цаглашгүй нас буянт Цэнд-Аюуш бурхан нь: Бадмаараг эрдэнэ мэт улаан зүртэй, амарлингуй намба төрхтэй, нэг нүүрт мутраа тэгш агуулан, Цэ Бумба буюу нас буяныг дэлгэрүүлэхийн мөн чанартай, үхэшгүй мөнхийн рашаанаар дүүрэн алтан бумба барьж, очир завилгаанаар бадамлянхуа цэцэг бүхий наран, саран дэвсгэр дээр залрах амирлангуй дүрт бурхан юм байна. Энэтхэгийн их гэгээнтэн Нагаржунай богд энэхүү бурханыг шүтэж, бүтээлийг нь гүйцээн 500 насалсан түүхэн баримт байдаг аж.
Цэнд бурханы магтаалд:
\”Гадаад далайн усыг дуслаар тоолж болно
Цэнд –Аюуш бурхны насыг хэн ч тоолж чадахгүй
Сүмбэр уулын чулууг ширхэгээр тоолж болно
Цэнд-Аюуш бурхны буяныг хэн ч тоолж чадахгүй” гэжээ.