Томуу төст амьсгалын замын үрэвслийн өвчлөл нэмэгдэж улсын хэмжээний амбулаторийн үзлэгт 5.6 хувийг эзэлж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Тиймээс улирлын томуугийн дархлаажуулалтыг яаралтай зохион байгуулж, эрсдэлтэй хүн амыг хамруулахад онцгой анхаарахаар ажиллаж байгаа аж.
Мөн эмнэлгүүд яаралтай тусламж, дуудлага хүлээн авахын бэлэн байдлаа сайжруулах, эмч нарт менингококкт халдвар, томуу, томуу төст өвчний талаарх мэдээлэл, журам зааврыг судлуулах, хичээл заах, сургалт хийх ажлыг зохион байгуулах юм байна.
Иргэд томуу-ханиад, амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд
- Цаг агаарын байдалд зохицуулан дулаан хувцаслах, гэрт, сургууль, ажил дээрээ дулаан байх /18-20 хэм/,
- Халуун хоол, цай хэрэглэх,
- Сайн унтаж амрах, сэтгэл санаагаа тайван байлгах,
- Гарын ариун цэврийг сахих,
- Өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарыг сэлгэх, цэвэр агаарт салхилах,
- Амны хаалт хэрэглэж, 2-4 цаг тутамд солих,
- Хамрын хөндийг цэвэрлэх, угаах, сармисны тосон хандаар арчих,
- Ам, хоолойг марганц, фурациллин, давс, содын уусмалаар 3-5 удаа давтан зайлах,
- Гичтэй бүлээн усанд хөлөө 10-15 минут дүрж, дараа нь хөлний уланд иллэг хийх,
- Дархлаа сэргээх цэгэн иллэг хийх,
- Витамис С-г өдөрт 0.5-1.0 граммаар 2 удаа уух, хүнсэндээ жимс, ногоо хэрэглэх
- Томуугаар өвчилбөл хүндэрч болзошгүй эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд, эрхтэн тогтолцооны эмгэгтэй, архаг хууч өвчтэй хүмүүс томуугийн вакцин хийлгэх,
- Томуу ханиад тусвал гэртээ байж хэвтрийн дэглэм сахих, өрх, сумын эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэйг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.