Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой нийгэмд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр, ЭМЯ-наас мэдээлэл авсан даруйд уг асуудлаар дүгнэлт гаргах ажлын хэсэг томилон хяналт шалгалтыг эхлүүлсэн. албан ёсны дүгнэлт гарч үүссэн нөхцөл байдлыг бүрэн тогтоосны дараа ямар нэг буруутай үйл ажиллагаа явагдсан эсэх талаар үндэслэлтэй, тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно.
Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг манай улсад Донорын тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд 2018 оноос амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдүүлж, өдгөө 58 хүний амь насыг аварсан байна.
Нэг амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг 50-60 хүний бүрэлдэхүүнтэй 4-5 баг хэрэгжүүлдэг тул эд, эрхтэний хулгай, наймаа явагдах ямар ч боломжгүй, үндэслэлгүй мэдээлэл гэж үзэж байна.
Харин донороос эс, эд эрхтэн авахад ар гэрт нь мэдээлэл дутуу өгч, сайтар ойлгуулаагүй нь бидний алдаа болсон гэж үзэж байна. Ер нь амьгүй донороос эс, эд, эрхтэн авах зөвшөөрөл авах үйл ажиллагаа нь амаргүй нөхцөл байдалд явагддаг.
Хайртай дотны хүнээ алдаж, уй гашууд автсан ар гэрийнхэнд донор болох санал тавьж, тайлбарлан ойлгуулах нь амаргүй хүнд ажил болохыг Та бүхэн маань сайн ойлгож байгаа байх аа.
Нийгмийн сүлжээгээр зүрх нь зогсоогүй хүний эс, эд, эрхтэнийг авсан мэт мэдээлэл түгээж байгаа нь туйлийн хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Донорын тухай хуулийн:
- 15.1-д Тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна.
- 15.3-т “Амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана… гэж маш тодорхой зохицуулсан байдаг.