Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Марс ВИ” төслийг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан.
Уг төслийн хүрээнд монгол, япон эрдэмтэн судлаач нар хамтран Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн өдөр сансрын туршилтын бөмбөлгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хөөргөлөө.
Энэ үеэр Монголын талын Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол орны маань газар зүйн байршил, агаарын орон зай, хүн амын тархмал суурьшил, хот суурин газруудын байрлал зэрэг нь дэлхийн агаар мандлын хоёрдахь давхаргад сансрын бөмбөлгийг хөөргөх таатай боломжийг олгодог. Энэ нь далайд гарцгүй, эх газрын Монгол орныг дэлхийтэй холбох, тус салбараар дамжуулан олон улсад гарах их аяны гараа болно гэж итгэж байна.
Эдгээр бөмбөлөгт суурилуулсан өндөр нягтралтай гэрэл зургийн болон дүрс бичлэгийн төхөөрөмж нь цас зуд, ой, хээрийн түймэр, хөрсний доройтол, цөлжилт, агаарын бохирдол зэрэг байгаль цаг уурын болон хүний хүчин зүйлийн нөлөөг тодорхойлох, улмаар хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо зэрэг бүхий л салбарт ашиглах олон талын үр ашигтай.
Мөн шинжлэх ухааны туршилт судалгаа хийхэд тохиромжтой тул тодорхой нөхцлүүд бүрдсэн үед аялал жуулчлал, ачаа тээвэрт ашиглах, одон орон, сансар судлал, инженер технологийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа оюутан залуус шимтэн сонирхдог хүүхэд багачууд, судлаачид, эрдэмтдэд нээлттэй платформ болох боломжтой” хэмээн онцоллоо.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, “Марс ВИ” төсөлд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч С.Амарсайхан, ЦХХХ-ны сайд Н.Учрал, Япон улсын элчин сайд Игавахара Масару болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Монголын Сансрын Судалгаа, Хөгжүүлэлтийн Төвөөс дэлхийд анх удаа Сансрын бөмбөлгийн чуулга уулзалтыг Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй бөгөөд жил бүр Монгол Улсад зохион байгуулж, олон орны оролцогчдыг хамруулахаар төлөвлөөд байна.