Эрт цагт хоёр хүүтэй нэг хөгшин байжээ. Нэг хүүгээ Энэтхэгт худалдаа наймааны ажлаар явахад эх хь Бурханы орноос шүтэх шүтээн авчирч өг хэмээн захисан хэдий ч хүү нь хэд хэдэн удаа явахдаа мартсаар , авчирч өгсөнгүй.
Нэг удаа Энэтхэгт мордоход нь шүтээн эс авчирваас би чиний нүдэн дээр боож үхнэ гэж ээж нь хүүдээ хэлжээ. Хүү нь худалдаа наймааныхаа ажлаа дуусгаад харьж явахдаа замын дунд ороод, ээжийнхээ хэлсэн дээрх үгийг гэнэт санан, хэрхэх учраа эс олон байтал хажууханд нь нэгэн чулуу хэвтэж байгааг санамсаргүй олж харжээ. Арга тасрахдаа уг чулууг аваад хив хадгаар боон нандигнан явсаар ээждээ аваачиж өгөхдөө
“Бурхан багшийн цахиур шүд шүү.
Та сайн залбирч сүсэглэгтүн” гэжээ.
Ээж нь чулууг Бурханы цахиур гэж үнэмшээд ихэд сүсэглэн цаг үргэлж мөргөн тахил өргөсөөр явтал түүнээс нь Бурханы нандин үрэл, рашаан гардаг болж, сүүлдээ насан өөд болсон хойн нь солонгын гэрэлт хүрээтэй болсон юм гэдэг. Жирийн чулуунд адис Рашаан аль нь ч байхгүй гэдэг нь мэдээж хэрэг. Гэлээ ч тэр эхийн их сүсгийн хүчээр Бурханы адис өлзий уг чулуунд оршин шингэж, Бурханаас ялгаагүй болсон нь тэр буюу.