2003 оноос ипотекийн зээл олгож эхэлсэн. Энэ хугацаанд дөрвөн их наяд
төгрөг хуримтлагдсан байна. Энэ хөрөнгө мэдээж дараагийн орон сууцны зээл
хүсэгчдийн санхүүжилт гэж ойлгогдож байгаа. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг
Монголбанк хариуцдаг байснаа болж Барилга хот байгуулалтын яам хариуцдаг
болсон. Үндсэндээ яам монголын ипотекийн зах зээлд хэрхэн хөрөнгө оруулах вэ,
орон сууц барьцаалсан бондыг хаана хэрхэн арилжаалах вэ гэдгийг шийдвэрлэдэг
болсон юм. Одоогоор эх үүсвэрийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг судалж байгаа
гэсэн тайлбарыг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан өгсөн байна.
Мөн ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зээлийн журмыг
шинэчлэх Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа аж. Одоогийн хэрэгжиж байгаа ипотекийн журам бол
арилжааны банк талдаа ашигтай ч иргэдэд үр ашиг нь бага байгаа юм. Үүнийг өөрчилж,
урьдчилгаа 30 хувийг багасгах, иргэнд ашигтай шинэчилсэн журмыг энэ ондоо
багтааж танилцуулна гэж тэрээр мэдэгдлээ.
Урьдчилгаа 30 хувиа төлөөд орон сууц худалдан авах боломжтой, ипотекийн
зээлийн шаардлага хангаж байгаа хүмүүсийг дууссан гэж үзэж байгаа. Тиймээс
Засгийн газар өөрчлөлт хийх шаардлагатай болсон.
Одоо ипотектийн зээлийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр явуулж
байгаа. Тэд өөрийн хөрөнгөөр зээл олгож, түүнийгээ ипотекийн корпорацид
худалдах зарчмаар явагдаж байна. Тиймээс арилжааны банкууд өөрийн шаардлага
нөхцлийг тулгах нь ойлгомжтой. Гэвч банкны шаардлагыг давж, зээл авах иргэд тун
хомс байгаа юм. Энэ нь ипотекийн зээл
зогссон мэт ойлголтыг иргэдэд өгч байна.