Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар “Зөрчлийн хуулийн зөрчлийг арилгая” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордны Иргэний танхимд өнөөдөр зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Төгс хууль, мөнхийн хууль гэж байдаггүй, амьдрал баялаг, хувирамтгай. Тиймээс Зөрчлийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийн явцад гарч буй алдаа завхрал, цоорхой хийдлийг засах нь гарцаагүй хэрэг. Хэдийгээр Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхэлснээр зарим төрлийн ялангуяа замын хөдөлгөөний дүрмийн зөрчил эрс буурч, төсөвт багагүй орлого төвлөрүүлж байгаа зэрэг эерэг үр дагавар байгаа ч сөрөг үр дагавар нэлээд байна. Тухайлбал, улсын байцаагч нарын ачааллыг эрс нэмэгдүүлж, иргэдэд эдийн засгийн дарамт үзүүлж байна. Мөн хууль хоорондын зөрчлүүд ч байна. Иймд эдгээр хүндрэлийг хэрхэн шийдвэрлэж болох талаар бүтээлчээр санал солилцож, холбогдох хууль, журамд зохицуулалт хийх шаардлагатай байна гэсэн юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд болон УИХ-ын Хуульзүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох мэргэжилтнүүд, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын удирдах ажилтан, улсын байцаагч нарын төлөөлөл оролцлоо. Тэд тус тусын салбарт өдөр тутам тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд ямар хууль, журамд ямар зохицуулалт хийж болох талаар саналаа дэвшүүллээ.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу өнгөрсөн найман сарын хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд иргэдээс 370 мянга гаруй гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 15.000 орчим гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан бол 6900 орчим өргөдөлд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулсан байна. Хэрэг бүртгэлт хийх шаардлагагүй 340 мянга орчим зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээд байгаа аж.