Өнөөдөр Казах ард түмний үндэсний баярын өдөр тохиож байна. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр юм. Гуравдугаар сарын 22 буюу өнөөдөр Ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна. “Наурыз” перс гаралтай үг бөгөөд монголчилбол “нау-шинэ”, “рыз- өдөр” буюу “шинэ өдөр” гэсэн утгатай үг юм.
Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай учирч золгосны баяр болгон тэмдэглэдэг. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдгоороо онцлогтой. Казахууд нарыг шүтэх бөгөөд гуравдугаар сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийднэ. Настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд “Амьдрал тэтгэх наран ээж минь” хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай.
Бүх хүн анхны нар харж, нараа хүндэтгэж сэтгэлийн таашаал авч наранд сүүгээ өргөнө. Гэрийн эзэгтэй нар гэрийн тооныг сүүгээр, босгыг таргаар мялаадаг ёс ч бий. Наурызын баяраар ахан дүүс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хvндэтгэх ялдамд үр хүүхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа шүүн хэлэлцдэг.