УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжиж шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариуг авсан байна.
Монгол Улс БНКУ-тай 1992 онд дипломат харилцаа тогтоосон, уламжлалт найрсаг харилцаатай.Сүүлийн жилүүдэд Монгол, Киргизийн улс төрийн яриа хэлэлцээр идэвхжиж, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаа. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулж байгаа 18 гэрээ, хэлэлцээр байдаг бөгөөд цаашид 10 орчим баримт бичгийг байгуулахаар ажиллаж байгаа аж. Улс төрийн хувьд ямар нэгэн маргаан, зөрчилтэй асуудал байхгүй бөгөөд хоёр улсын дипломат, албан болон энгийн паспорттай иргэд харилцан визгүй зорчдог юм. Цаашид Киргизээр дамжин энэ бүс нутгийн улсуудыг хамарсан тив дамнасан эдийн засгийн том төслүүд болох газрын тос, хийн хоолой, дэд бүтцийн төслүүдэд манай улс оролцох, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон Туркменистан, Иранд манай үндэсний бүтээгдэхүүнийг экспортлох, эдгээр улсаас газрын тос, байгалийн хий зэргийг импортлох томоохон гарц суваг болох боломжтой хэмээн үзэж уг төслийг боловсруулжээ.
Хэлэлцүүлгийн түвшинд шинээр ЭСЯ нээх нь төсөвт эдийн засгийн ачаалал үүсгэнэ, консулын газраар нь байлгах нь оновчтой гэх гишүүд байсан бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр уг асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр ЭСЯ болгож өргөтгөснөөр орон тоо нэмэхгүй, төсөв санхүүгийн хувьд нэмэлт асуудал үүсэхгүй харин статус дээшлүүлэх бөгөөд гадаад харилцааны тал дээр тус улсад ЭСЯ-аа байгуулах нь чухал ач холбогдолтой болохыг тодотгов. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад 69.2 хувийн саналаар асуудал дэмжигдлээ.
Одоогийн байдлаар тус улсад 50-иад хүн ажиллаж амьдардаг, жилд дунджаар 500 монгол иргэн зорчсон ба 600 мянган ам.долларын худалдаа хийдэг байна.