АНУ-ын хамгийн хурдан сансрын хөлөг болох нарыг тандах “Паркер” хэмээх хөлгийг өчигдөр буюу энэ сарын 12-ны өдөр хөөргөжээ. Энэхүү судалгааны хөлөг нь нарны титмийг дайран өнгөрч нарыг тандах хүн төрөлхтний түүхэн дэх анхны ажлыг албан ёсоор эхлүүлж байгаа аж. Тэрээр наранд хамгийн ойр сансрын хайгуулын үүрэг гүйцэтгэх юм байна.
АНУ-ын зүүн бүсийн цагаар 12-ны өдрийн 3:31 цагт “Делта IV” пуужинг болон ойролцоогоор 635 кг жинтэй аппаратыг Америкийн Флорида муж дахь Cape Канаверал агаарын цэргийн баазаас сансрын уудамд хөөргөжээ.
Америкийн сансар судлалын газрынхан хэлснээр нарыг тандах “Паркер” аппарат нь 7 жилийн хугацаанд буюу 2024 оны арваннэгдүгээр сар хүртэл нарыг 24 удаа тойрох бөгөөд сугар гарагийн тусламжтайгаар тойрог замаар явж аажмаар наранд ойртох тохиргоотой бөгөөд эцэст нь нарны гадаргуугаас 6.2 сая километрийн зайд хүрч, түүхэнд наранд хамгийн ойрхон хөөрсөн сансрын хөлөг болох юм байна.
Өөрөөр хэлбэл, уг хөтөлбөрт тус хөлөг нь төлөвлөсөн ёсоор 3.9 сая миль буюу 6,2 сая километр нарны зайд орших бөгөөд наранд бусад сансрын хөлгүүдээс ойролцоогоор 7 дахин ойролцоо очих болно. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явбал Паркер нар, түүний бүтэц, соронзон болон цахилгаан талбайн талаар гэх мэт янз бүрийн мэдээлэл цуглуулах юм. НАСА-гийнхны хэлж байгаагаар энэхүү мэдээлэл нь судлаачдад урт хугацааны туршид сонирхож буй хоёр нууцын хариуг хэлж магадгүй юм. Энэ нь нарны салхи яаж хурдацтай явагдаж байгааг, мөн нарны гаднах агаар мандал яагаад нарны гадаргуугаасаа илүү их халуун байдаг талаар юм гэнэ.