Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2019 оны Бүх оддын тоглолт гурав дахь өдрөө үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр хамгийн их үзэгчдийн үзэх дуртай бүх оддын тоглолт болсон. Энэ жилийн тоглолтонд Леброн Жеймсийн баг өрсөлдөгч Яннис Антетокунмпогийн багийг 178:164-ийн харьцаатайгаар хожлоо. Тоглолтын эхний хагаст Грек тоглогч Яннисын тэргүүлсэн баг 95 оноо авсан бол Леброны баг 82 оноо авсан. Харин тоглолтын хоёрдугаар хагаст Леброны баг эргэн ирэлт хийж тоглолтыг эргүүлснээр энэ жилийн тоглолтод ялалт байгуулсан байна. Өнгөрсөн жил тэдний баг өрсөлдөгчдөө хожигдож байсан билээ.
Энэ удаагийн тоглолтонд Леброны багаас К.Дюрант 31 оноо авч багаа тэргүүлсэн бол Л.Жеймс, К.Леонард нар 19 оноо, К.Ирвинг 13, Ж.Харден 12 оноо авч сэлгээнээс тоглосон К.Томпсон 20 оноо, Д.Лиллард 18, Б.Бейл, К.Таунс нар 11, Б.Симмонс 10 оноо авчээ. Харин Д.Уэйд 7, Э.Дэвис 5, Л.Алдриж 2 оноо авчээ. Энэ жилийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч ч хожил байгуулсан тэдний багаас тодорсон бөгөөд К.Дюрант 31 оноо авч өөрийн карьертаа 2 дахь удаагаа үнэ цэнэтэй тоглогч болсон байна. Тэрээр өмнө нь одоогоос 7 жилийн өмнө бүх-оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч болж байсан юм.