Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхийн хамгийн халуун цэг, омог хоорондын мөргөлдөөнтэй Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдээ эргэлээ.
Монгол улс НҮБ-ын мандат дор 2002 оноос эхлэн хоёр офицероо Энхийг сахиулах ажиллагаанд оруулж эхэлсэн бөгөөд одоо хурандаа Д.Жавхланбаяр ахлагчтай наймдугаар ээлжийн цэргүүд үүргээ гүйцэтгэж байна. Манай цэргүүд энэ удаад 114 мянган дүрвэгч байрладаг Бентю хэмээх хотын 80 гаруй мянган дүрвэгчдийг хамгаалах үүрэг хүлээжээ. БНӨСУ нь 2011 онд тусгаар тогтнолоо зарласан хэдий ч омог хоорондын мөргөлдөөн ихтэй улс.
Цэргүүдээ хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэн талархал илэрхийлж, төрийн одон, медаль гардуулсан байна. Мөн цэргийн алба хаагчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхижуулах талаар ярилцжээ.
НҮБ-аас БНӨСУ-ын Бентю хотыг зохицуулж байгаа хатагтай Хироко Хирахира Монгол цэргүүдийн бие, сэтгэл зүй, ур чадварыг өндрөөр үнэлж байгаа бөгөөд элдэв зөрчил гаргалгүй, дүрвэгсэдтэй хүнлэг харилцаж, монгол хэл заах гэх мэтээр сэтгэл гаргаж байдагт баяртай байдгаа дурьдсан байна.Өмнөд Судан улсад Монголын 850 хүнтэй батальон үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нийслэл хот болох Жубад 30 хүнтэй монголын цэргийн офицерийн баг НҮБ-тэй холбох ажлыг хийж байгаа аж. Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 8-р ээлж эх орноосоо мордоод зургаан сар болж байгаа. Тэдний үүрэг гүйцэтгэх хугацаа нэг жил үргэлжилнэ. Батальоны найман хувь нь эмэгтэй албан хаагчид байдаг. НҮБ-ын цэргүүдийн гурван хувь нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд эмэгтэй цэргийн албан хаагч, үүрэг гүйцэтгэгчдийн тоог 15 хувьд хүргэх чиглэлийг НҮБ-аас барьж байгаа ажээ.