Хошууч генерал Б.Хурц 1969 онд Улаанбаатар хотод төрсөн. ОХУ-ын Эрхүү хотын Барилгын техникум, Москва хотын Эдийн засаг, статистик ба информатикийн дээд сургууль, сүүлд нь Сөрөх тагнуулын академийг төгссөн Чекист.
Тагнуулын сургуулиа төгсч ирсэнийхээ дараа 2000-2002 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, 2002-2003 онд Унгар Улсад суугаа Элчин сайдын яаманд 1 дүгээр нарийн бичгийн дарга, 2003-2004 онд Турк Улсад суугаа Элчин сайдын яаманд 1 дүгээр нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Тагнуулын ерөнхий газарт хэлтэс, газрын орлогч, газрын дарга, 2006-2009 онд “МИАТ” хувьцаат компанийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгч, 2009-2011 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, 2011-2014 онд Авлигатай тэмцэх газрын дэд дарга, 2014-2017 онд Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллажээ.
Тэрээр анх Монгол улсын Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан Франц улсаас иргэн Д.Энхбатыг хулгайлж Англи, Германаар дамжуулан монголд авчирч байлаа. Гэвч хүн хулгайлсан хэргээр 2010 онд Английн Хитроу нисэх онгоцны буудалд буух үедээ баривчлагдаж байлаа. Өөрийг нь баривчлах гээд хүлээж байгааг мэдээгүй мэргэжлийн тагнуулч байж болох уу. Гэхдээ Д.Энхбатыг хулгайлж ирсэн энэ үйлдэл нь түүнд дэд хурандаа цолыг авч ирж, одоогийн өндөрлөгт хүрэх үүдийг нь нээсэн байдаг.
Харин дараа нь ТЕГ-ын даргаар ажиллаж байх үедээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг илрүүлсэн хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2015 онд хошууч генерал цол хүртсэн юм.
Хийх ёстойгоо хийсэн учраас 2017 онд ТЕГ-ын даргын албан тушаалаа өгч, Элчин сайд болж амрах тухайгаа ярив.
Үүнийг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биелүүлж, суудлаасаа буухаасаа өмнө Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилох санал оруулж амжсан байдаг. Мөн УИХ-ын гишүүд “бөлдөгдүүлэн” байж түүнийг Элчин сайдаар томилох саналыг дэмжсэн юм.
Тухайлбал, Б.Хурц өөрийнх нь эсрэг ярьсан гишүүдийн өөдөөс жогтой инээмсэглэн хоржоонтой үгс шийдсэн байлаа. Жишээ нь УИХ-ын гишүүн Л.Болдод хандан “Та өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхдаа АТГ-т хэд хэдэн асуудлаар шалгагдсан. Та Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэж байгаад баригдсан. Тэр шахаанаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, 300 мянган ам.доллар Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай бичиг ирсэн. Таниас болж Хойд Солонгост хоёр хүн амиа алдсан, нэг генерал шоронд хоригдсон. Таны найзын компани Батлан хамгаалах яамны хэд хэдэн барилга, байгууламж барих тендерт шалгарсан асуудлаар шалгагдаж байсан. Өөр зүйлс ч байна. Би ярих уу, яах уу…?” хэмээн олны анхаарлыг татсан мэдэгдэл хийсэн.
Түүний энэ мэдэгдлийн дараа УИХ-ын гишүүд сандарч асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн байдаг. Гэвч Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд өөрийн итгэмжлэх жуух бичгээ гардуулалгүй, эргүүлэн татлаа.
Энэ үед Монголд МАНАН-г цэвэрлэх ан өрнөж байсан бөгөөд Б.Хурц ч өртөж, “дээл нөмөрлөө”. Түүний баривчлагдсан шалтгаан нь түүнд хошууч генералын мөрдэс авчирсан хэрэгтэй холбоотой гэж эх сурвалжууд мэдэгдэж байна. Иргэн Б.Хурцыг хурц өнцгөөр харахад ийм байна. Түүний түүх хэрхэн өрнөх бол …