Эрхэм анд найз, уншигч нартаа нэгэн зүйлийг залруулж хэлэхгүй бол болохгүй юм байна. Манай зарим хүмүүс, тэр ч байтугай академич цолтон хүртэл Хятадын Күнз-Зэнзийн сургаалыг Чингис хааны сургаал, эсвэл монгол мэргэдийн сургаал мэтээр эндүүрч, ярьж бичдэгийг засаж залруулах шаардлагатай болжээ.
Тухайлбал, “биеэ засаад, гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх цэцэн үг нь угтаа Күнз-Зэнзийн сургаалын хураангуй болохоос биш, Чингис хааны билиг сургаал огтоос биш гэдгийг бодууштай.
Баталгааг нь хэлье. Эртний хятадын гүн ухааны сонгодог судар “Дөрвөн бичгийн” нэгэн болох Күнзийн шавь Зэнзийн өвлүүлсэн “Их суртахуй” бичгийн долоогоос аравдугаар бүлэгт энэ тухай өгүүлсэн байдаг билээ. Тухайлбал, “… биеэ засахуй нь сэтгэлээ тэгшлэхүй дор оршмуй… биеэ засаад гэрээ төвшитгөхүй”, “гэрээ төвшитгөөд төрөө засахуй”, “төрөө засаад тэнгэрийн дор амгалан болохуй” [Зэнз 2008, 40-48] гэхчлэн иж цогцоор нь тайлдаг билээ.
Их суртахуй” бичиг бол угтаа алдарт “Таван номын” нэг “Ёслолт номын” дөчин хоёрдугаар бүлэг юм. Чухам иймээс үзэг нэгт нөхөд, нүүр номын найз нар болон эрдэм номын шавь нартаа цаашид энэ үгийг Чингис хааны сургаал, монгол мэргэдийн сургаал мэтээр ярьж, бичиж, амны болон бичгийн алдас хийхгүй байхыг сануулъя. Мэдээж энэ үгийг эш татаж хэрэглэж болох авч уг эх сурвалжийг нь үнэнээр дурдаж байгаасай.