Хэд хоног цасаар шуурч, зарим нутгаар хаваржилт хүндрэх шинжтэй болоод байна. Сүрэг тэмээ босоогоороо цасанд дарагдаж, мөсөн давхаргад дарагдсан байгаа зурагнаас говийн аймгуудад цаг агаар хэрхэн хүндэрсэн тухай ойлголтыг авч болох юм.
Тэгсэн энэ нь байгалийн онц аюултай үзэгдэл бус харин Төв аймгийн БОАЖГ-ын дарга гандан хийдийн лам нарыг урьж, овоо тахиж, ном хуруулсантай холбоотой үйл явдал гэнэ.
Энэ тухай Төв аймгийн Эрдэнэ сумын фейсбүүк хуудсанд “Төв аймгийн БОАЖГ-ын дарга гандан хийдийн лам нартай аймгийн сумдуудаар овоо тахиж, ном хуруулсан сайхан ажил зохион байгуулсан нь үр дүнгээ өглөө” гэж бичжээ.
Хуурайшилж ихтэй, гандуу үед үүлэнд зориудаар нөлөөлж, бороо хур оруулдаг технологи манайд байдаг. Ийм ажил хийдэг хүмүүсийн тухай анх сонсоод элэглэн, шоглож байсан үе бидэнд бас бий. Мэдээж ламгүй, гандангүй орны технологи л доо. Харин манайд бол энэ технологи хэрэглэж, хөрөнгө, мөнгө зарлагадах шаардлага алга байна.
Гандан хийдийн хэдэн лам нараа урьж ном уншуулж, овоо тахиулаад л ган тайлж болохоор байгааг дээрх ганцхан жишээнээс харж болохоор байна шүү дээ.
Харин үүнийг Төв аймгийн БОАЖГ-ын дарга биднээс өмнө олж мэдчихээд ирэх зунаас урьдаж, ган тайлах ном хуруулсан байх юм. Нэг талаас тун сайхан, үр дүнтэй арга хэмжээ болжээ. Магтууштай. Гэвч лам нар номоо арай л чангадуулаад уншчихсан уу гэлтэй говийн нутагт орсон цас гамшгийн хэмжээнд хүрч, дөрвөн ч хүний амь насыг авч одлоо.
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гайхалтай технологийг үгүйсгэж, тэднээс ч хүчтэйгээр тэнгэр хангайдаа нөлөөлж чаддаг хуваргуудтай улс юм шүү дээ гэж бахархмаар ч юм шиг. Нүүрс, ноолуур гэж байхаар ийм мундаг хуваргуудаа ашиглаж, гаднаас мөнгө босговол ямар вэ гэх бодол бас төрж байна. Газар тариалангийн томоохон бүс нутгуудад манай хуваргууд тун ч их үнэд хүрэх байх даа.