Өнөөдөр 5 дугаар сарын 31 буюу дэлхий нийтээр тамхинаас татгалзах өдөр тохиож байна. Энэ өдрийг Дэлхий Эрүүл Мэндийн Байгууллагаас 1987 онд дэлхий нийтэд тамхинаас татгалзах өдөр хэмээн анх зарлаж, үүнээс хойш тасралтгүй тэмдэглэсээр иржээ.
Одоогоор дэлхийд 1.1 тэрбум хүн тамхи татдаг бөгөөд тэдний 80 орчим хувь нь өвчлөл өндөртэй, бага, дунд орлоготой улсуудад оногдож байна. Жилд 6 сая хүн тамхидалтаас болж, 890 мянган хүн дам тамхидалтаас болж амь насаа алддаг болох нь тогтоогдсон.
Энэ тоо 2030 он гэхэд хоёр дахин өсч 10 саяд хүрэх тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ.
Тамхинд 400 гаруй химийн бодис агуулагддагаас 43 төрлийн хорт бодис нь хүний биед хорт хавдар үүсгэдэг байна. Тамхийг үйлчлэлээр нь мансууруулан донтуулах, хорт хавдар үүсгэх, тэсэрч дэлбэрэх, шууд үхэлд хүргэх гэж дөрөв хувааж үздэг ажээ.
Монгол улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд багтаж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна.
Нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг бөгөөд хоёр эрэгтэй тутмын нэг буюу нийт эрэгтэйчүүдийн 49.1 хувь, 20 эмэгтэй тутмын нэг буюу эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг бөгөөд өсвөр үеийнхний 61.3 хувь нь тамхи татаж үзсэн байдаг аж.
Тамхины хэрэглээ өндөр байгаагийн гол шалтгаан нь манай улсад тамхины үнэ хямд, өөрөөр хэлбэл түүнд ногдож буй онцгой албан татварын хэмжээ бага байгаатай холбоотой. Тухайлбал, 1 хайрцаг тамхи 1 сав сүүний үнэтэй тэнцүү байна. Монгол улсад тамхины жижиглэнгийн үнийн (2,700 төгрөг)-ийн 33 % байгаа бол ДЭМБ-аас дор хаяж жижиглэнгийн үнийн 70 хувьтай тэнцүү болсноор тамхины хэт хангамж буурч, тамхи худалдан авч улмаар донтох явдал буурх боломж бүрдэнэ гэж зөвлөдөг.