Нар, салхи болон цэнэг хураагуурын өртөг буурч байгаатай холбоотойгоор 2050 он гэхэд дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний бараг талыг нар, салхины эх үүсвэр бүрдүүлэхээр байгааг “Bloomberg New Energy Finance” мэдээллээ.
Шатах түлшнээс татгалзах болсон нь эрчим хүчний зах зээл болон цаг уурын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтад жинтэй нөлөө үзүүлэхээр байна. Судалгаанаас харахад нар, салхины эрчим хүчний цэнэг хураагуурын өртөг буурч байгаа аж. Энэхүү технологийн ачаар эрчим хүчний салбар Парисын гэрээний дагуу хүлэмжийн хийг бууруулах шаардлагыг 2030 он хүртэл биелүүлэх боломжтой болохоор байна. Хурдацтай өөрчлөлт дагуулах дараагийн 30 жилд эрчим хүчний хэрэглээ 62 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа бол хөрөнгө оруулагчид нийт 13.3 их наяд ам.долларыг шинэ төслүүдэд зориулна гэж тооцоолжээ. Газрын тос, байгалийн хийн аварга гэгддэг “BP”-ийн үзэж байгаагаар 2030 он гэхэд дэлхийн нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 30 хувийг сэргээгдэх эх үүсвэр бүрдүүлэхээр байна. Харин “Bloomberg New Energy Finance”-ийн тооцоогоор энэ үзүүлэлт 41 хувьд хүрэхээр байгаа ажээ.
Нарийвчлаад харвал 2050 он гэхэд нар салхины эх үүсвэр нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 50 орчим хувийг эзлэх бол усан цахилгаан станц, цөмийн эх үүсвэр болон бусад сэргээгдэх эрчим хүч 21 хувийг бүрдүүлэхээр байна. Харин энэ салбарт нүүрсний эзлэх хувь огцом буурахаар байгааг тайланд дурджээ.
Өнөөгийн байдлаар нүүрс нь нийт эрчим хүчний 37 хувийг бүрдүүлж байгаа бол 2050 он гэхэд 12 хувь болж буурах таамагтай байна. 2030 он хүртэл бүтээмж багатай шинэ эх үүсвэрүүд бий болох таамагтай байгаа төдийгүй өнөөгийн байдлаар гео-дулааны систем болон далайн давлагаанаас эрчим хүч гарган авах зэрэг арга замууд яригдаж байгаа юм. Хэдий тийм боловч одоогоор өртөг өндөртэй байгаа тул өргөн хэрэглээнд нэвтрэх боломжтой эсэх нь тодорхойгүй байна.
Б.Төгсбилэг