Монгол улсад жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг Төрийн далбааны өдөр болгон тэмдэглэдэг билээ. Анх 2009 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд Сүхбаатарын талбайд цэргийн парад жагсч, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Бидний хэрэглэж буй Төрийн далбааг Монгол Улсын шинэ үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас буюу 1992 оны 2 сарын 12-ноос эхлэн хэрэглэж эхэлсэн. Үндсэн хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт: “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.” гэж заажээ
Төрийн далбаан дээрх соёмбыг 17-р зууны сүүлд Занабазар монголчуудын нар, сар, галтай сүлдэнд үндэслэн зохиосон сүлд юм. Анх Хүннүчүүд нар, сартай сүлд хэрэглэж байсан ба хожим нь гал нэмэгдсэнээр монголчуудын гол сүлд болсон нар, сар, галтай сүлд бий болжээ.
2012 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Төрийн далбааны стандартыг шинэчлэн мөрдөж эхэлсэн ба өнөөдөр 10.00 цагт Сүхбаатарын талбайд цэргийн парад жагсч, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлнэ.