Хүүхдээ адгуусанд гишгүүлж, дэвсүүлж, чирүүлж алах нь уламжлал юм бол цаазын ялгүй энэрэнгүй улс орон болж жүжиглэмээргүй байна!
Хүмүүс нь араатан мэт бие бие рүүгээ архирдаг, хараадаг, нулимдаг, доромжилдог, дээрэлхүү хандах нь Монгол бардамнал, бахархал, омгорхол юм бол аялал жуулчлал, агуу хайр яримааргүй байна!
Өлбөрч үхэх шахам иргэд хөтлийн цаана мөлхөж байхад уул овоонд ууц боов, сүү мөнгөөр наадам тахил хийх нь буян юм бол бид гэгээрмээргүй байна!
Хэлсэн үг, харсан зүг бүрийг шүүдэг шүүмжилдэг иргэдтэй атлаа хойчийн үрд үлдэх газар шорооныхоо төлөө тэмцэж чаддаггүй юм бол бид Чингисийн удам гэж хуцмааргүй байна!
Эхийнхээ өлөнг гурван өглөө ууж чадахгүй “па пу” гэчихээд энэ тэндэхийн луйварчдын “эм” нэртэй хорыг хоол, цай шиг идэж уудаг юм бол эрүүл мэнд гэж мөрөөдмөөргүй байна!
Мөнгө аваад амаа хамхиж чаддаг юм бол юм юмны урд сэтгүүлч гэж дөвчигнөмөөргүй байна!
Айл болгон авъяастан бэлдэхээ зөв гэж бодож байгаа бол барилгын хужаа нараа гарга гэж сагамааргүй байна!
Машин бүрийн урдуур хамараа чихдэг, сигнал хараал болж дайрдаг юм бол манай хот түгжрэлтэй, зам барь гэж шогширмооргүй байна!
Худлаа ч гэлээ инээж угтаад, талархаж үдэж чадахгүй бол эдийн засаг, борлуулалт нэмэгдүүлэх гэж мөрөөдмөөргүй байна!
Баяр бүхнийг зарлага болгодог хүмүүс атлаа орлого нэмэгдүүлэх тухай бодмооргүй байна!
Амарч зугаалахдаа уусан шар айргийн сав, унтаж хэвтсэн бузараа хамаад явж чадахгүй юм бол эх орон, байгаль эх гэж мэдрэлтмээргүй байна!
Гадаад хэлээр бүрэн ярьж чадахгүй бол хайр, хараал хоёроо хагас дутуу хуцмааргүй байна!
Гандааш, гундааш хоёрынхоо унжлагыг ХАЙЧИЛЖ чадахгүй байж энэ тэнд улаан тууз хайчилдаг баймааргүй байна!
Гэрэлт гудам, гөлөмцөх нүх хоёрт залуус нь чихээстэй байхад тэдний маргаашийн төлөө би тэмцээд байдаг тэнэг байна!
Эх сурвалж: Todko Samson