Олимп өндөрлөлөө. Хөөс буулаа. Монголын тамирчдын түүхэнд хамгийн олуулаа оролцсон олимпийн дүн гарлаа. 8 медаль, түүнээс дор хаяж 2 алт авч, олимпийн рекордыг урагшлуулна гэж \”донгодон\” Риог зорьцгоосон Монголын баг ердөө л нэг мөнгө, нэг хүрэлтэй эх орондоо ирлээ.
Дөрвөн жилийн турш юу хийснээ багш дасгалжуулагчид, тамирчдынхаа хамт тайлагналаа. Үүнээс илүү бодитой тайлан гэж юу байх вэ? Тэд тааруухан ажиллажээ. Монголын тамирчид үүнээс олон медаль авах боломжтой байсныг харлаа. Тэд чадсангүй. Багш, дасгалжуулагчдын ажил үгүйлэгдлээ. Олон талаар өрсөлдөгчдөөсөө ДУТЛАА, монголын баг тамирчид.
Техник, барилдааны арга барил, тактик, ур чадвар, дайчин чанар, нөхцөл байдлыг үнэлэх чадвар гээд яривал, зүйл зүйл дээр дутлаа, өрсөлдөгчдөөсөө.
Багш дасгалжуулагчдын хувьд мэдлэг чадварын хувьд хоцрогджээ. Бусдыгаа гүйцэж чадахгүй хэмжээнд хүрсэн байна. Ухаан, мэдлэг, ажиллах арга барил дутжээ.
Тамирчид, багш дасгалжуулагчдын хамт дутуу байхад ямар ч дэвжээ хатуу байх болно гэдэг сургамжийг РИО-2016 олимп бидэнд мэдрүүллээ. Сургамжаас бид юуг авч үлдэж, юуг гээх вэ? Ямар ч гэсэн их спортод ИХ ӨӨРЧЛӨЛТ хийх шаардлагатай болжээ гэдгийг яс махандаа тултал ойлголоо. Юуны өмнө хариуцлагын тогтолцоог бий болгохыг спортын эргэн тойрныхон шаардаж байна. Их спортыг урсгалаар нь хөгжүүлдэг өнөөгийн системийг халж, цогцоор нь, дэс дараалалтай системтэй хөгжлийг бий болгохыг мэргэжилтнүүд онцолж байна.
Орилох, эсэргүүцэх, дэвхцэх биш, ухаанаа зарахыг багш дасгалжуулагчдаас нэхэх шинэ түвшинг хүлээж байна. Багш, дасгалжуулагч төдийгүй тамирчдын ч сахилга батыг дээшлүүлмээр харагдав. Тамирчин хүний амжилтын гол түлхүүрийн нэгийг хатуу сахилга бат гэж Олимпийн хорооны дарга асан Ж.Авеланжэ хэлснийг ч санахад илүүдэхгүй.
Тамирчин хүний шагналыг насаар нь өгөх, эсвэл үзүүлээгүй амжилтын төлөө урьдчилан мөнгө олгох нь их спортод ч, тамирчны амжилтад ч хортой гэж Усайн Болт 4 жилийн өмнө SUN сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг. Түүний үгийг ч санацгаая. Шагналыг тухайн үедээ л авах ёстой, тэр үедээ л үнэлүүлэх ёстой гэсэн түүний санааг олон нийт ихэд дэмжсэн байдаг. Энэ зарчим сумод ч мөн хэрэгждэг. Тамирчин хүн байнгын цэнэгтэй байх ёстой.
Тэгэхээр манайхны сар бүр олгоод байгаа мөнгө бол тамирчдын хөшүүрэг болж чадахгүй байна. Суусан батарей шиг цатгалдсан тамирчин, хүч, хэл амаараа дутахгүй ч, мэдлэг, чадвараар дутуу багш, дасгалжуулагчдад ямар ч дэвжээ хатуу байх ажээ. Тамирчдад олгодог, үеэ өнгөрөөсөн сар бүр олгох сул цалингийн системийг ч эргэн харах цаг болжээ.
ИХ СПОРТОД ИХ ӨӨРЧЛӨЛТИЙН САЛХИ ҮЛЭЭЛЭЭ.
Ц.ЭНХБАТ