Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдийн холбооноос 2016 оны төсвийн тодотголд шүүгчдийн цалинг 61-63 хувь бууруулж байгаатай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.
2016 оны төсвийн тодотголоор төсвийн урсгал зардлыг 7 хувиар нэмэгдүүлэхээр төсөвлөсөн мөртлөө шүүгчийн цалинг 61-63 хувиар, шүүхийн төсвийн урсгал зардлыг 8 хувиар бууруулах, нэгдсэн төсвийн зарлагад эзлэх шүүхийн төсвийн жинг 0,66-аас 0,46 хувь болгон багасгахаар тусгасан нь үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдлүүд хоорондоо тэнцвэртэй байх зарчмыг зөрчиж, мөн үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу \”шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгаа ”-г хангах үүргийг төр хүлээнэ гэсэн заалтыг зөрчиж байгаа юм.
Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулах шийдвэр үндсэн хуулиа зөрчинө гэж заасан байдаг. Иймээс 2016 оны төсвийн тодотгол үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж байгааг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдэгдлээ.
ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Г.Мэндсайханы хэлж байгаагаар шүүхийн төсөв, шүүгчдийн цалинг бууруулж байгаа нь шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулах, цалингийн зээлтэй шүүгчдийг банк, мөнгөний барьцаанд оруулах аюултай юм байна. Түүнчлэн 2016 оны эхний байдлаар нийт шүүгчдийн 98,5 хувь нь арилжааны банкинд 24,5 тэрбум төгрөгийн зээлтэй байгаагийн 72,9 хувь нь орон сууцны зээл, 22,8 хувь цалингийн зээл,4,2 хувь нь хэрэглээний зээл эзэлж байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,7 хэсэгт \”Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзан Улсын их хурал тогтооно” гэж хуульчилсан. Иймд УИХ шүүгчдийн цалинг шинэчлэн тогтоох бол ШЕЗ-ийн саналын заавал авч харгалзан үзэх гэж ёстой гэдгийг тэрээр уламжиллаа.
Г.Нараа